top banner

"Шилдэг хэсгийн төлөөлөгч"-ийн төлөө өрсөлдөж байна


2017-12-14 17:47:58
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдаан үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцож ур чадвар, авхаалж самбаагаа сорьж байна.
Өнөөдөр  тэмцээний оролцогчид албаны галт зэвсэг ашиглах мэдлэг, ур чадвараа сорилоо. Тэд тэмцээний эхний өдөр буюу өчигдөр хэсгийн төлөөлөгчид цагдаагийн байгууллага болон хэсгийн төлөөлөгчийн үйл ажиллагаа, албаны бэлэн байдал, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр өнөөгийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг хөндсөн сэдвийн хүрээнд эсээ бичиж, цагдаагийн байгууллагын мэдээллийн цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдсөн. Мөн бие бялдрын бэлтгэлжилт болон тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан төрлүүдээр өрсөлдүүлэн, шилдэг хэсгийн байцаагчийг тодруулна. Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулах, тэдний мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх арга тактикийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү уралдаан цаашид уламжлал болон жил бүр зохион байгуулагдана гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Ж.Батсайхан


Сурталчилгаа
Монгол брэнд