top banner

Нанжинд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх ёслол болов


2017-12-15 00:56:22
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр Япон цэргүүдийн гарт амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх ёслол Хятадын Нанжин хотод боллоо.
1937 оны энэ өдөр Японы цэрэг Нанжин хот руу довтолж гэм зэмгүй энгийн ард иргэд, Япончуудын эсрэг тэмцэж байсан тэмцэгчид зэрэг 300 мянган хүнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарч байсан билээ.
Тэгвэл энэхүү эмгэнэлт явдлаас хойш 80 жил өнгөрчээ. Амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал /БХАТИХ/, Цэргийн төв зөвлөл зэрэг Хятадын төрийн дээд байгууллагуудын төлөөлөл оролцов.
Уг арга хэмжээнд нийтдээ 10000 орчим хүн оролцсон бөгөөд  БНХАУ-ын Төрийн дуулал эгшиглэж, Төрийн далбааг хагас бөхийлгөв. Мөн хот даяараа тээврийн хэрэгслийн дуут дохиог хангинуулж тухайн үед гэм зэмгүйгээр хохирсон энгийн ард иргэд болон Японы эсрэг дайтаж явсан эрэлхэг баатруудаа эргэн дурсав.
Хүндэтгэлийн ёслол дууссаны дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нанжинд амь үрэгдэгсдийн дурсгалын музей”-д зочлов. Мөн  “Нанжины их аллага”-аас амьд үлдэгсэд болон тухайн үед дэмжлэг туслалцаа үзүүлж байсан гадны улс орны төлөөлөлтэй уулзав уулзжээ.
Энэхүү хүндэтгэлийн ёслол нь БНХАУ-ын цорын ганц ийм төрлийн арга хэмжээ төдийгүй 2014 оноос улсын хэмжээний хүндэтгэлийн ёслол болгон, 2015 онд Дэлхийн дурсгалын жагсаалтад бүртгүүлжээ.
А.Анхбаяр

Монгол брэнд