top banner

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн бага хуралд 1640 сэтгүүлч оролцов


2017-12-15 10:30:46
Зураг Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр буюу 14-ний өдөр Хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Энэ жилийн хэвлэлийн бага хуралд гадаад дотоодын 1640 сэтгүүлч оролцсоноос 53 сэтгүүлч  ОХУ-ын Төрийн тэргүүнээс асуулт асуух боломж олдсон юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд бүх зүйл тодорхой болно
 
Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2018 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ тун товчхон зарласан.
 
Тэгвэл 3 цаг 40 минут үргэлжилсэн хэвлэлийн бага хурал хэн бүхний сонирхлыг татсан энэхүү асуултаар  эхлэв.  “Говорит Москва” радиогийн сэтгүүлч “Та яагаад ирэх сонгуульд нэр дэвшихээр шийдэв? Ямар зорилго агуулж байна вэ? Бүрэн эрхийн хугацаа тань дуусахад Орос улс ямар болсон байх вэ?” гэхэд В.Путин “Би бие даан нэр дэвших болно. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн тэр цагт энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Гэвч нэг зүйл маш тодорхой байна. ОХУ улс төрийн уян хатан тогтолцоотой байж орчин үетэйгээ хөл нийлүүлэн ирээдүйрүү тэмүүлэх ёстой. Дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил, техник технологийн дэвшил зэрэгт илүү анхаарна” хэмээв.
 
Инфляци хамгийн бага буюу 2.5 хувьтай байна
 
ОХУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын эдийн засаг өсч, инфляци буурч буйг хэвлэлийн бага хурлын үеэр онцлов. Түүний хэлснээр эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуй, эм үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэлийн салбар хүчтэй нөлөө үзүүлж буй аж. “2014-2015 онд манай улсын эдийн засаг хүнд байдалд орсон нь хоёр хүчин зүйлтэй: нэг нь орлогын эх үүсвэр нефтийн үнийн уналт, нөгөө нь ОХУ-ын эсрэг хоригууд. Гэвч энэ нь дотоодын үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлж эдийн засаг сэргэж эхэлсэн. Энэ онд ОХУ үр тарианы экспортоороо дэлхийд тэргүүлсэн нь үүний тод жишээ” хэмээн тэрбээр онцлов.
 Мөн энэ жил өмнөх жилүүдийнхээс хоёр дахин их буюу 23 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гаднаас татсан нь улсын эдийн засагт томоохон тус хүргэсэн аж. 
 
Тэтгэвэрт гарах насыг сунгаж болзошгүй 
Ирэх онуудад ОХУ тэтгэврийн насыг 5-8 жилээр сунгаж болзошгүй. Энэ тал дээр тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа ч ажиллах хүчний хомсдол үүсч, тэтгэврийн системийн тэнцвэр алдагдахаас сэргийлж энэхүү асуудлыг ОХУ-ын Засгийн Газар ард иргэдийнхээ санал бодлыг үндэслэн шийдвэрлэх аж.  
 
АНУ-тай харилцаагаа сайжруулвал олон асуудал шийдэгдэнэ
 
Хэвлэлийн бага хурлын үеэр гадаад сэтгүүлчдийн төлөөлөл болж АНУ, БНХАУ, Украйн, Польш, Ирак, Афганистан, Казахстан улсын сэтгүүлчид сонирхсон асуултаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс асуух боломж бүрдсэн.
 
“ABC news”-ийн сэтгүүлч В.Путинээс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп яагаад ОХУ-ын эрх баригчидтай харилцаа холбоотой байсан тухай, мөн түүнийг үүрэгт ажлаа хэр зэрэг гүйцэтгэж байгааг В.Путинээс асуухад тэрбээр “Ерөнхийлөгч Дональд Трампийн ажлыг би бус түүнийг сонгосон АНУ-ын иргэд дүгнэх ёстой. Гадаад харилцааны тухайд тэр ОХУ-тай харилцаагаа сайжруулах сонирхолтой буйгаа хэлж байсан. Гэвч үүнд Дональд Трампаас шалтгаалахгүй зарим нэг асуудал буй нь илт. Харин би манай хоёр улс харилцаагаа тогтворжуулан аюул занилхийллийн эсрэг хамтдаа тэмцэж, хамтдаа хөгжинө гэдэгт итгэж байна.  ОХУ болон АНУ хүчээ нэгтгэвэл сайнаар шийдвэрлэгдэх асуудал олон” хэмээв.      
 
 Өвлийн Олимптой холбоотой асуудлыг тайван замаар шийдвэрлэнэ
 
Эдгээр өдрүүдэд ОХУ-ын Шигшээ багийн тамирчдыг тойрсон асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд буй. Энэ тухай В.Путины байр суурийг сэтгүүлчид сонирхсон юм. Тэрбээр “ОХУ-ын хувьд улс төрийн чухал үйл явдлын өмнөхөн ийм асуудал үүсч буй нь анхаарал татаж байна. Гэвч үүнд бид өөрсдөө буруутай. Яагаад гэвэл манай тамирчид сэргээш хэрэглэж байсан тохиолдол гарч байсан нь үнэн. Бусад оронд ч мөн ийм асуудал гардаг харин тэдний асуудлыг улс төржүүлдэггүйд л учир нь байгаа юм. хэмээгээд үүссэн асуудлыг ОУОХ-той тайван замаар шийдвэрлэн тамирчдынхаа эрх ашигийг хамгаална гэдгээ онцлов.
 
Хөл бөмбөгийн ДАШТ-ний бэлтгэл хугацаандаа чанартай хангагдана
 
ОХУ томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах хангалттай туршлагатай хэмээн В.Путин үзэж байна. Тэрбээр ирэх оны зун ОХУ-д болох Хөл бөмбөгийн ДАШТ-ний бэлтгэл хугацаандаа чанартай хангагдаж дуусна гэдгийг онцлов. ДАШТ-ийг зохион байгуулах 12 стадионы нэг стадионы бэлтгэл төлөвлөгөөт хугацаанаас хоёр сараар хоцорч байгаа ч асуудлыг шийдвэрлэх боломтой аж.
 Ийнхүү 60 гаруй асуултад хариулт өгснөөр ОХУ-ын Төрийн тэргүүний ээлжит хэвлэлийн бага хурал өндөрлөлөө. Хурлын төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нийт сэтгүүлчдэд ирж буй шинэ оны мэнд дэвшүүлэв.
Л.Нандиа

Монгол брэнд