top banner

Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг УИХ дэмжлээ


2017-12-15 14:33:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Батын Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 

Уг асуудлыг хаалттай горимд хэлэлцсэн бөгөөд 40 гишүүн оролцож 92 хувийн саналаар дэмжсэн байна. Харин гурван гишүүн дэмжихээс татгалзсан гэх мэдээлэл байна. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Батын Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг өнгөрөгч 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн уг саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга судалж үзээд боломжтой гэсэн хариу өгсөн. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболдод Б.Хурцын томилгоог хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн албан бичиг хүргүүлж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 11 дүгээр сарын 15-нд хэлэлцэн, гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.

Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Б.Хурцтай холбоотой ирсэн гомдлыг хэлэлцэж, томилгооны сонсгол явуулах шаардлагатай хэмээн нэр бүхий гишүүд санал гаргасныг үндэслэн хойшлуулаад байсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хаалттай хэлэлцэн дэмжлээ. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга батламжилбал Б.Хурц Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар албан ёсоор томилогдох юм.

Хошууч генерал Батын Хурц нь “Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны 1- дүгээр нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга, ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, "МИАТ" ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 1-нд ТЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байв.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ 

Сурталчилгаа
Монгол брэнд