top banner

Үржлийн бус мал экспортлох ажлыг шуурхайлахыг ОХУ-аас хүсэв


2017-12-16 15:15:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-д энэ сарын 14-15-ны өдөр ажлын айлчлал хийлээ. 

ХХААХҮ-ийн сайд ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыкотой уулзах үеэр газар тариалангийн  бүсэд үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зорилгоор ойн зурвас байгуулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх чиглэлд ОХУ-тай хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцжээ.

Мөн "Монгол малыг эрүүлжүүлэх хоёрдугаар шатны хөтөлбөр"-ийг эрчимтэй үргэлжлүүлэх асуудалд ОХУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгааг уламжилсан байна. Улмаар Монгол Улсын Засгийн Газраас шийдвэрлэсэн үржлийн бус эр хонь, ямааг бэлтгэж болон амьдаар нь экспортлох ажлыг шуурхайлан эхлүүлэх талаар ОХУ-аас дэмжлэг хүсчээ. Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко айлчлалын хүрээнд ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгож, шуурхай хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлж, хоёр талаас ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө боловсруулан, хамтран ажиллахаар тохиролцжээ.

ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-ын шилдэг техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн  "Ростсельмаш" компанийн Худалдаа, экспорт хариуцсан захирал М.В.Максимов нарын албаны хүмүүстэй айлчлалын хүрээнд уулзсан байна.

"Ростсельмаш" компани нь ОХУ-ын газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг томоохон компанийн нэг бөгөөд дэлхийн 20 гаруй улсад тоног төхөөрөмжөө экспортолдог байна.

Тус компани нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд  трактор, комбайн болон бусад тоног төхөөрөмж нийлүүлдэг. Цаашдаа газар тариалангийн чиглэлээр техник, тоног төхөөрөмж нийлүүлэн, Монголын талтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа  "Ростсельмаш" компанийн Худалдаа экспорт хариуцсан захирал М.В.Максимов илэрхийлжээ.

Монгол брэнд