Калифорнид түймэр дэгдсэний улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
dorjkhand@montsame.mn
2017-12-17 10:48:52
САКРАМЕНТО. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Калифорни муж улсад дахин томоохон түймэр дэгдсэнтэй холбогдуулан тус муж улсын Санта-Барбара, Монтесито болон Саммерленд зэрэг хэд хэдэн хошууны хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг холбогдох албаны хүмүүс гаргасан тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлэв.

Калифорнид энэ сарын 4-нд дэгдсэн түймэрт одоогоор бараг 1000 кв.км газар шатаад байгаа юм. Энэ нь  тус муж улсын түүхэн дэх гурав дахь том түймэр болоод байна. Түймэрт хоёр хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна.

Хүчтэй салхитай, чийгшил багатай байгаа учир түймэр өнөөдөр улам бүр хүрээгээ тэлж болзошгүй гэж цаг уурчид сэрэмжлүүлжээ.

Одоогоор 1000 орчим байшин барилга, тэдгээрийн дотор 750 айлын гэр оронг шатаагаад буй энэ түймрийг унтраахаар 8000 гал сөнөөгч 24 цагийн турш ажиллаж байна. Мөн түймрийг унтраах ажилд 104 сая ам.доллар зарцуулаад байгаа аж.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ