top banner

С.Нямдаваа: Шилэн дансны хэрэгжилтийг хангах нь 100 хувь нягтлангийн ажил биш


2017-12-18 23:57:22
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын сан хөмрөгийг арвилан хамгаалах үйлсийг залгамжилж яваа бүртгэл, санхүүгийн ажилтнуудын бүтээлч үйлсээр хөрөнгө мөнгө арвижиж, ард иргэдийн амьдрал сайжирч, улс орон хөгжин цэцэглэж байдаг билээ. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/ 1999 оноос эхлэн Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын арга хэмжээг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 18 дахь жилтэйгээ золгож байна. Хэнтий аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс энэхүү өдрийг ямар амжилт бүтээлээр угтсан талаар С.Нямдаваа даргатай ярилцсанаа хүргэе.
 
Сайн байна уу? Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдрийн мэндийг танай хамт олонд хүргэе.  Хэнтий аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулаач?
-Баярлалаа. Монгол орныхоо өнцөг булан бүрт ажил хөдөлмөрөөрөө манлайлан, үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд, санхүүчид, эдийн засагчиддаа бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе.
Энэ жилийн хувьд манай хамт олон тэмдэглэлт өдрөө хийж хэрэгжүүлсэн ажил арвинтай угтлаа. Хамгийн сүүлд гэхэд л аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар ирэх оны төсвөө батлууллаа. Мөн аймгийн ЗДТГ-ын төлөвлөгөөнд орсны дагуу бүх сумдадаа хүрч ажиллах зорилт дэвшүүлсэн. Манай аймгийн 18 суманд Санхүүгийн алба ажилладаг. Энэхүү алба нь сумын санхүү тоооцооны чиглэлээр хийгдэх  ажлууд, тайлан баланс, төсөв төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлээ тайлагнах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Энэ онд сумдынхаа Санхүүгийг албадуудын үйл ажиллагаатай танилцах, ажлыг нь үнэлж дүгнэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, зөрчил доголдлыг арилгах ажлыг зохион байгууллаа. Мөн орон нутгийн сонгууль болж өнгөрсөнтэй холбогдуулан сумдын шинэ удирдлагуудад Санхүүгийн албаны үйл ажиллагааг танилцуулах, ойлгуулах, ямар чиглэл дээр анхаарах, хамтран ажиллах зэрэг зөвлөмжийг өгч, уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр  санхүүчдийнхээ хууль эрхзүй, онолын талын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн.
Энэ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Сангийн яамтай хамтран Төрийн сангийн чиглэлээр,  11 дүгээр сард “Тод санхүү” академитай хамтран Зөрчлийн тухай хуулиар нягтлангууддаа томоохон сургалтуудыг  хийлээ. Бүх байгууллагад байх ёстой санхүүгийн бодлогын бичиг баримт гэж байдаг. Үүнийг байгууллагын дарга нягтлан хоёр заавал боловсруулж, баталж мөрдөх үүрэгтэй. Гэтэл манай аймгийн хэмжээнд энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангалтгүй байсан. Тиймээс “Тод санхүү” академиас бэлэн загвар боловсруулан бэлтгэж танилцууллаа. Үүнд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт, аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт гэсэн хоёр чиглэлээр загвар боловсруулж, нягтлангууддаа заасан. Сургалтандаа зөвхөн төсвийн биш аж ахуйн нэгжүүдийн нийтдээ 100 гаруй нягтлан бодогчдыг хамрууллаа. Сургалт маань нэлээд үр дүнтэй болсон.

-Хэнтий аймгийн 18 сумын Санхүүгийн албадаас хангалттай сайн хэмжээнд ажилладаг албад цөөнгүй байдаг байх?
-Бид  сумдад  урд, хойд, баруун, зүүн гэсэн дөрвөн чиглэлд явж ажилласан.  Манай аймгийн урд талын Бор-Өндөр, Галшар, баруун талын Цэнхэрмандал, Дэлгэрхаан, зүүн талын Батноров, хойд талын Батширээт, Баян-Адрага сумдын Санхүүгийн алба маш сайн ажилладаг. Харин хангалтгүй ажиллаж байгаа зарим сумдын Санхүүгийн албыг газар дээр нь алдаа дутагдлыг нь засах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, сумын Засаг даргад нь танилцуулах, эргээд үр дүнг нь шалгах, биелэлтийг нь тооцох арга хэмжээ авч байна.

-Сумдын санхүүгийн албадын боловсон хүчин хангалттай хэмжээнд байдаг уу?
-Боловсон хүчний тухайд сум бүрт өөр өөр. Бор-Өндөр сум гэхэд боловсон хүчний нөөц сайтай ажиллаж байхад Баянмөх суманд боловсон хүчний асуудал маш хүнд, одоо ч гэсэн орон тоо дутуу ажиллаж байх жишээтэй. Тогтвор суурьшилтай ажилладаггүйгээс боловсон хүчний дутагдал үүсдэг тал бий.

-Нягтлангууд анх удаа тангараг өргөсөн гэсэн. Энэ ямар учиртай вэ?
-Энэ их учир утгатай зүйл. Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн гэдэг байгууллга 2007 онд улсын хэмжээнд байгуулагдсан. Энэ хүрээлэнгээс Нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг боловсруулан гаргаж, тэдэнд сургалт хийж, хүлээн зөвшөөрсөн нягтлан бодогчид тангараг өргөсөн юм. Энэ ажлыг тус хүрээлэн оны эхний хагаст нийслэлд, сүүлийн хагас жил аймгуудад зохион байгуулсан. Манай аймаг тангараг өргүүлэх энэ арга хэмжээг зохион байгуулсан дөрөв дэх аймаг болоод байна. Мөн нягтлан бодогчид маань сүлд дуутай. МУГЖ Н.Чулуунхүүгийн амилуулсан “Нягтлан бодогчид минь” гэж сайхан дуу байдаг. Энэ дуунд аймаг бүр өөрийн онцлог бүхий клип хийж байна. Манай аймгийн нягтлан бодогчид мөн клипнийхээ зураг, дүрсийг бэлтгэн явуулсан. Тун удахгүй клип маань бэлэн болох байх.  

-Танай харъяалалд хичнээн нягтлан бодогч хамаарагддаг вэ? Тэдний цалин хангамж, нийгмийн асуудлын талаар?
-Манай аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн харъяаллын 200 гаруй байгууллага бий.
Нягтлан бодогчид тайлан гаргах, төсвийн гүйцэтгэл, шилэн данс, төсөв боловсруулах, аж ахуйн нэгжийн тайлан гаргах, татвар, нийгмийн даатгалын гээд маш олон төрлийн программ дээр ажилладаг. Нэг нягтлан орон нутагт 2-3 байгууллагын ажлыг хийдэг байх жишээтэй. Миний хувьд Санхүүгийн алба байгуулсан тогтоол шийдвэрийг нягтлан бодогчдыг хохироосон шийдвэр болсон гэж үздэг. Хуучин бол 3 байгууллагын нягтлан бодогч хийгээд нэг байгууллагаас нь үндсэн, нөгөө хоёр байгууллагаас нь 40 хувийн цалин авдаг байсныг 2016 оноос хүчингүй болгосон. Мөн тэтгэвэрт гарахад олгодог урамшуулал, цалин хөлсний нэмэгдэл гэж байхгүй болоод байна. Ингэснээр ачаалал ихтэй нягтлан бодогч мэргэжлийг эзэмших, ажиллах сонирхолтой хүн ховор болоод байх шиг санагддаг.  

-Хэнтий аймагт Шилэн дансны хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ?
-Шилэн дансны хэрэгжилтийг хангахад нягтлангуудын оролцоо 80 хувь байдаг. Гэтэл байгууллагын дарга эрхлэгч нар 100 хувь нягтлангийн ажил мэтээр харж, ойлгодог нь буруу юм. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалттай, хангалтгүй байх нь байгууллагын удирдлага, ажилтнуудын үйл ажиллагааны уялдаатай холбоотой. Шилэн дансанд нийтдээ 30 гаруй төрлийн мэдээлэл тавьдаг. Сар, улирал, жил гээд мэдээлэл бүрийн тавигдах хугацаа нь өөр өөр. Шилэн дансанд тавигдаж байгаа мэдээлэлд хамгийн түрүүн байгууллагын дарга нар  хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл байгууллагын дарга Админ эрхтэй байдаг. Гэтэл дарга удирдлагууд түүнийгээ мэддэггүй, хянадаггүй. Мэдээллийг баталгаажуулж, Сангийн яаманд явуулах эрх нь байгууллагын дарга нарт байдаг. Үүнийгээ мэддэггүйгээс мэдээллээ явуулахгүй шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангалтгүй болгоод байдаг талтай. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд дүгнэхэд 50 хувь хүрэхгүй гүйцэтгэлтэй гэсэн дүгнэлт хүртэл гарсан байдаг.

-Таны хувьд энэ салбарт хэд дэх жилдээ хүчин зүтгэж байна вэ?
-Миний хувьд Санхүүгийн техникумийг 1986 онд, МУИС-ийн ЭЗС-ийг 2003 онд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсөж байлаа. Ажлын гараагаа аймгийн Нефть хангамжийн баазын Ерөнхий нягтлан бодогчоос эхэлж, улмаар 1998 оны нэгдүгээр сард аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст Төсвийн мэргэжилтнээр томилогдож байлаа. Энэ албандаа 11 жил ажиллаад 2009-2012 онд Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажилласан. Дараа нь Орон нутгийн өмчийн алба гэж байгуулагдаж, даргаар нь томилогдон ажиллаж байгаад 2016 оноос Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Энэ саарал байшиндаа амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрүүлжээ. Үндсэндээ мэргэжлээрээ улсдаа 30 гаруй жил зүтгэж явна даа.  
Д.Одонтунгалаг

Монгол брэнд