Өмнөд Солонгост 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
dorjkhand@montsame.mn
2017-12-19 18:28:50
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгост 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт хэзээ мөдгүй болох магадлалтай байгаа учир гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байна гэж тус улсын нэгэн мэргэжилтэн хэлжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Сөүлийн үндэсний их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны сургуулийн профессор И Ки Хва өнөөдөр болсон нэгэн семинарын үеэр илтгэл тавихдаа томоохон газар хөдлөлтөд бэлтгэлтэй байхыг холбогдох байгууллагууд болоод ард иргэддээ зөвлөсөн байна.

Түүний анхааруулснаар, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 5.0-аас дээш баллын хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн удаа болсон Өмнөд Солонгосын Умард Кёнсан аймгийн Пухан болон Кёнжү хот орчимд 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй.

Өмнөд Солонгос нь газар хөдлөлтөд өртөх магадлал харьцангуй багатай улсуудын тоонд ордог байсан ч сүүлийн үед Пухан болон Кёнжү хотод 5.0-аас дээш баллын хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн удаа болсон юм. Үүний улмаас өмнөд солонгосчууд хүчтэй газар хөдлөлт болох вий гэж эмээж түгших нь ихэсчээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ