top banner

“Хэнтийд үйлдвэрлэв” борлуулалтын цэг ажиллаж байна


2017-12-19 21:11:00
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон эргэн төлөгдөх санхүүгийн болон бусад дэмжлэг, жижиг зээл авсан иргэдийнхээ бараа бүтээгдэхүүнийг борлуулах  “Хэнтийд үйлдвэрлэв” борлуулалтын цэг нээн ажиллуулж байна.

Анх 2015 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн энэхүү борлуулалтын цэг энэ оны долдугаар сараас “Эвт” худалдааны төвийн хоёрдугаар давхарт шилжин ажиллах болсон юм. Тус борлуулалтын цэг нь 11 дүгээр сарын байдлаар 14 хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 10 сая төгрөгийн бараа материалыг хүлээн авч, нийт 2 563 000 төгрөгийн борлуулалт хийжээ. Хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилготой тус борлуулалтын цэгт бүтээгдэхүүнээ нийлүүлж буй иргэд байнгын орлоготой болсондоо тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

“Хэнтийд үйлдвэрлэв” борлуулалтын цэгт Хэнтий аймгийн бүх сум тосгодод хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн  санхүүгийн болон бусад дэмжлэг, жижиг зээл авсан иргэд бүтээгдэхүүнээ нийлүүлж, орлогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаа тогтворжуулах бүрэн боломжтой. Энэхүү борлуулалтын цэгт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой иргэд тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээлэл авах боломжтой аж.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд