Х.Энхжаргал: АТГ-ын орон тоо нэмэгдэхгүй

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2017-12-28 11:15:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай УИХ-ын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "АТГ-ын алба хаагчдын цалин нэмэгдэж байна гэсэн үг үү, 2018 оны цалингийн сүлжээнд мөнгө нь суусан уу" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад АТГ-ын дарга Х.Энхжаргал, "Цалин нэмэгдсэн зүйл байхгүй. Орон тоо мөн нэмэгдээгүй. 2014 онд 172 орон тоотой байхаар шийдвэрлэсэн. Үүнийгээ л баталгаажуулах гэж байна" гэсэн хариултыг өгөв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Өмнө нь гарсан шийдвэрээ баталгаажуулж, АТГ-ын 172 орон тоог батлах гэж энэ асуудал орж ирсэн гэж ойлгож байгаа. АТГ соён гэгээрүүлэх чиг үүрэг хүлээдэг. Энэ чиг үүргээ хэрхэн биелүүлж байна вэ" гэсэн асуултыг тавьсан. Үүнд нь АТГ-ын дарга Х.Энхжаргал, "Олон улсын авлигатай тэмцэх газруудаас хэрэгжүүлж буй мэдээлэл манай сайт дээр тавигддаг. Гэтэл манай сайт дээр авлигын тухай дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэх гэхээр хуулиараа хориотой байдаг" гэсэн тайлбарыг хийсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, "Танай байгууллагын дэргэдэх Олон нийтийн зөвлөл гэж байгууллага байна. Тус зөвлөл нь зарим тохиолдолд иргэний нэр хүндэд халдсан үйлдэл гаргаж байна. Одоо энэ зөвлөл өргөжиж аймаг, яамдад ажиллах нь. Олон нийтийн зөвлөл чинь сонгууль ойртохоор танайд захирагдах болов уу. Мөн танай газар орон тоогоо хэдээр нэмэгдүүлэх гэж байна вэ. Байс гээд нэг байгууллага орон тоогоо нэмэгдүүлэхээр УИХ-д саналаа оруулж ирдэг боллоо" гэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал, "Хоёр Олон нийтийн зөвлөл ажиллаж байна. Нэг зөвлөл нь шалгагдаж байгаа хүний нэрийг дур зоргоороо зарлаад байсан тал бий. Үүнийг засч залруулсан. Манай газрын зүгээс тэднийг турхираад байгаа асуудал байхгүй" гэлээ. 
Холбоотой мэдээ