top banner

Монгол Улс Энэтхэгийн тусламжтайгаар газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ барих гэж байна


2017-12-29 13:42:37
Зураг
Монгол Улс газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ Энэтхэгийн тусламжтайгаар 2018 оноос барьж эхлэх гэж байгаа тухай нийтлэлийг Оросын “Спутник” агентлаг гаргасныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
 

ШИНЭ ДЕЛИ. /Спутник/. Түвдийн буддын шашны удирдагч Далай лам өнгөрсөн онд Улаанбаатарт морилсон нь Хятад болон Монголын харилцааг “эвгүйтүүлж”, Хятадын тал Монголд гол хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхээ хязгаарлахад хүрч байв. Энэ нь Монгол Шинэ Делиг түшихэд нөлөөлсөн юм.

Далайд гарцгүй Монгол Улс түлш эрчим хүчний хувьд хөршүүдээсээ хараат байдлаасаа салахын тулд газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ Энэтхэгийн тусламжтайгаар удахгүй барьж эхлэх гэж  байна.

Энэтхэгийн “Engineers India Limited” компани газрын тосны үйлдвэр барих төсөлтэй холбоотой бүх судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байгаа бол “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК энэ төслийг хариуцан хэрэгжүүлэх аж. Мөн Энэтхэгийн талаас энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулан 700 сая ам.доллар, газрын тос дамжуулах хоолой барихад 264 сая ам.долларын зээл олгоод байгаа юм. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Зүүн Азийн Монгол Улсад анхны айлчлал хийх үеэр ийм зээл олгож байгааг нийтэд зарлаж байв. 20 жилийн хугацаатай энэ зээл нь 1.75 хувийн хүүтэй бөгөөд эхний таван жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж.
 
Монголын газрын тос боловсруулах анхны үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тосыг боловсруулах хүчин чадалтай байх бол жилд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх юм байна. Тус үйлдвэрийг барьснаар Монголын ДНБ 10 хувиар нэмэгдэх боломжтой. Одоогоор Монгол Улс нь боловсруулаагүй газрын тосоо Хятад улс руу экспортолж байгаа бол бензинээ ОХУ-аас импортолж байна.
 
Монгол Улсаас Энэтхэгт суугаа Элчин сайд Г.Ганболд хэлэхдээ “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь түлш эрчим хүчний хувьд хөршүүдээсээ хараат байдлаа багасгахад Монголд тусална. Үүний зэрэгцээ бид гадаад валютын нөөцөө хэмнэж, хэмнэсэн мөнгөө өөр хэрэгцээтэй зүйлст зарцуулах боломжтой болно гэж найдаж байна” гэжээ.
 
Монгол нь дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ эрс унаснаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас дөнгөж гарах гэж буй улс юм.

Шинэ Дели өндөр дээд албан тушаалтнуудаа харилцан айлчлуулах замаар хоёр талын харилцааг бэхжүүлэхийг эрмэлзэж байна. 2018 оны эхээр Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнатх Сингх Монголд айлчлах аж. Уг нь тэрбээр энэ оны зургадугаар сард Монголд айлчлахаар төлөвлөсөн байсан ч ясны хугарлын улмаас айлчлал хойшлогджээ. Үүний дараа “Хятадыг шүүмжлэгчдийн нэг” гэгдэх болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Энэтхэгт айлчлах ажээ.
 
Эдийн засгийн хувьд Хятадаас ихээхэн хараат байгааг багасгана гэж Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж байсантай холбоотойгоор монголчууд түүнийг “чин сэтгэлээсээ” дэмжиж, ерөнхийлөгчөөр сонгосон юм. Одоогоор Монголын экспортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь өмнөд хөрш болох Хятад руу гарч байна.
 
Эдийн засгийн хувьд нэг улсаас хэт хараат байдлаас салах гэсэн монголчуудын хүслээс Н.Модигийн Засгийн газар “ашиг хонжоо олох"-ыг эрмэлзэж байна. Энэтхэг бол социалист улсуудыг эс тооцвол Монголтой дипломат харилцаа тогтоосон /1955 онд/ анхны улс юм. Мөн Энэтхэг нь Монгол Улсыг НҮБ болон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн болгохыг дэмжиж байсан билээ.

Эх сурвалж: "Спутник" агентлаг
 
Г.Доржханд

Монгол брэнд