top banner

Сайн үйлсийн аян өрнүүлж зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлууллаа


2017-12-29 22:27:58
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо, Залуучууд хөгжлийн төв хамтран "Хонгорын үрс-Гэрэлт ирээдүй" сайн үйлсийн аяныг өрнүүлж, энэ сарын 28-нд бүрэн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг баярлууллаа.
Тодруулбал, итгэл сэтгэл, хүсэл тэмүүллээрээ нэгдсэн залуус хүүхдүүдийг баярлуулах зорилгоор 10 хоногийн хугацаанд өрнүүлсэн аянаараа чамгүй мөнгө босгож, зорилтот бүлгийн 127 хүүхдийг баярлуулсан байна. Аянд Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин тeатр, Гон Ган Дэдлин хийд, Аймгийн Түүх угсаатны зүй, Байгалийн музей, Баянхонгор -Тээвэрчин хоршоо, "Motherland etemal future" ТББ, Накула супер маркeт, Баянхонгор сумын сумын ЗДТГ зэрэг байгууллагууд нэгджээ.
Мөн өдөр Баганат талбай-Гонгандан дэдлин хийд-Түүх, угсаатны зүйн музей- Байгалийн түүхийн музей- Хүүхдийн Тэмүжин театр гэх маршрутаар гурван автобусанд хуваагдан аялсан хүүхдүүд Харшийн сүлд модны наадамд оролцож, өвлийн өвөөгөөс бэлгээ гардсан юм.
Санаа нийлсэн хэдхэн залуус ийм том арга хэмжээ зохион байгуулж, хүүхдүүдийг баярлуулж байгаа нь үнэхээр бахархууштай. Цаашид уламжлал болговол тэр бүр баярын арга хэмжээнд оролцоод байх боломжгүй хүүхдүүд сэтгэл дүүрэн, үлдэх дурсамжтайгаар шинэ жилийн баяраа тэмдэглэх боломж нээгдэх юм даа" хэмээн эцэг эхийн төлөөлөл онцолж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх клубүүдийн залуус нэгдэн өмнөх жил ч сайн үйлсийн аяныг өрнүүлж байжээ. Мөн л зорилтот бүлгийн таван өрхийг сонгон, түлш, дулаан хувцас, баярын хүнс зэргийг авч өгөн, баярлуулж байсан байна.
                                                                                                                 Б.Мөнхзул


Монгол брэнд