top banner
Шуурхай мэдээ

Өмнөговь аймагт татвар төлдөг 29400 гаруй иргэн байна


2018-01-04 10:21:14
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт татвар төлдөг  2275 аж ахуй нэгж, 29426 иргэн байдаг юм байна.
Засгийн газраас энэ оны эхнээс эхлэн гурван төрлийн албан татварыг нэмэгдүүлж байгаа билээ. Үүний нэг нь хувь хүний орлогын албан татварыг 10-25 хувь болгож нэмсэн явдал юм.
Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. 
Иргэн хүн 1.5 сая ба түүнээс дээш цалинтай бол албан татварыг 15-25 хувь болгон нэмж харин 1.5 сая хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10 хувь хэвээрээ байх юм байна. Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон бөгөөд одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас жилдээ 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногдуулдаг. Тэгвэл энэ 84,000 төгрөгийг 2018 онд 120,000, 2019 онд 160,000, 2020 онд 200,000, 2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Д.Мишигсүрэн

Монгол брэнд