top banner
Шуурхай мэдээ

Ч.Сарантуяа: Зарим нутагт туурайн зуд нүүрлэх нөхцөл үүсээд байна


2018-01-04 17:59:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын урьдчилсан төлвөөр 1, 2 дугаар сар болон хавар  ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын  Ерөнхий технологич инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. “Энэ өвөл их хүйтэн жил болно” хэмээн хүмүүс  ярьж байсан хэдий ч өнгөрсөн саруудад цаг уурын хувьд  нэлээн таатай болж өнгөрлөө. Харин 1, 2 дугаар сарын цаг уурын төлөв хэрхэн гарч байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Ямар өвөл болох  вэ  гэдэг нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Дэлхийн уур амьсгал, зуншлага ямар болсноос үүдэн өвлийн уур амьсгалын дүр зураг гарна. Өнгөрсөн зун  нийт нутгийн 70 орчим хувь нь гантай байсан.  Гангийн улмаас  их, бага цас орсноос үл шалтгаалан зудын нөхцөл үүсэх эрсдэлтэй.  Тиймээс  намар малчдад өвлийн бэлтгэлээ сайн хангах, өвс тэжээлээ сайтар базаахыг анхааруулсан. Хадлан тэжээлийн гол бүс нутаг болох төвийн болон зүүн бүс нутагт бэлчээрийн ургамлын гарц муутайгаас болж хадлангийн асуудал хүндэрсэн. Хэдийгээр наймдугаар сарын сүүлчээр нойтон цас, бороо орж ногоо сэргэсэн ч энэ нь  бүх нутгийг хамарч чадаагүй.

12 дугаар сарын хувьд олон жилийн дунджаас цас багатай, дулаан боллоо. Харин нэгдүгээр сарын хувьд хамгийн хүйтэн сар байдаг. Нэгдүгээр сарын дундаж температур монголын нутгийн зүүн хойд хэсэг, тэр дундаа төв болон зүүн бүсийн нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн байх төлөв гараад байна. Алтайн өвөр нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр хүйтэвтэр байх бол бусад нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байх төлөвтэй. Нөгөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах ерөнхий төлөв гарсан. Агаарын температурын хувьд одоо байгаагаас нэмж хүйтэрнэ гэсэн үг. Идэр тэс, Дархадын хотгор,  хангайн уулархаг нутгаар шөнөдөө 40 хэм хүрч хүйтэрнэ.

Хоёрдугаар сард нэгдүгээр сарыг бодвол дундаж температур дулаан байна. Гэхдээ нутгийн хойд болон төвийн бүс, зүүн аймгуудын хойд хэсгээр дулаан бусад нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байх төлөвтэй.

-Ирэх саруудад цас хэр орохоор байгаа вэ?

-Цасны хувьд нэгдүгээр сард Хангайн нурууны хойд болон өвөр хэсэг буюу Завханы зүүн тал, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн хойт тал, Дундговь, Төв аймгийн баруун хэсэг, Алтайн өвөр говиор дунджаас ахиу цас унах төлөв гараад байна. Хойд, өмнөд хил дагуух нутгаар буюу Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын  хойд талын сумд, Өмнөговь, Дорноговийн урд талын сумдад дунджаас бага цас унах төлөв байна. Ойрын хоногуудад цасгүй байгаа Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговийн нутгаар цас орох төлөв гарсан. 

Хоёрдугаар сард нутгийн баруун буюу өмнөд хэсэг буюу Баян-Өлгий, Увсын  урд, Ховдын баруун тал, Завханы, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын хойд, Архангайн ихэнх нутгаар, Өмнөговийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар дунджаас ахиувтар цас орно. Сэлэнгийн зүүн хэсэг, Төв аймгийн хойд, Дорнодын хойд хэсгээр дунджаас бага цас унах төлөвтэй. Гуравдугаар сард Монголын хойд хэсэг төвийн бүс, Булган, Архангай, Төв, Сэлэнгийн зарим нутгаар, Сүхбаатар, Дорнодын урд хэсэг, Баян-Өлгий, Увс аймагт хур тунадас ахиу орох төлөвтэй байна. 



-Малчдын хувьд хавар  базаасан өвс тэжээлээ дуусч хүнд үетэй золгодог. Энэ хаврын урьдчилсан төлөв ямар байх бол?

-Монголын нийт нутгаар 3, 4 дүгээр саруудад салхи эхэлж, жаварладаг.  Гуравдугаар сард ихэнх нутгаар  олон жилийн дунджаас  1.5 хэм дулаан байх төлөв гарсан. Тодруулбал гуравдугаар сард агаарын дундаж температур Булганы зүүн, Төв аймгийн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсэг, Сэлэнгийн нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.  Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Сүхбаатар, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөв гараад байна.

Мөн сард Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн баруун, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Харин Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завхан, Архангайн өмнөд, Төв аймгийн баруун өмнөд, Дундговийн баруун хойд, Сэлэнгэ, Сүхбаатарын зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадастай байна. 

- Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын эрсдлийн  мэдээг гаргадаг. Сүүлийн мэдээгээр зудын эрсдэл хэдэн хувьтай гарав?

- Өнгөрсөн сарын  тойм мэдээгээр нийт нутгийн 40 гаруй хувь нь цастай байна. Цасны нягтын хэмжээнээс хамааран зудын эрсдлийн мэдээг гаргадаг. Баруун аймгуудын нутгаар буюу Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын хил залгаа нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хагас болон Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй гэж гарлаа.






Одоогийн байдлаар зарим нутагт цас бага байгаа ч зундаа гантай байснаас бэлчээрийн хүрэлцээ муу, усан хангамж дутагдсан нь хараар зутархад хүргээд байна. Мөн малчид отор нүүдэл их хийж байгаагаас цас багатай зарим аймаг, сумдад туурайн зуд нүүрлэх нөхцөл үүсээд байна. Тиймээс зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдад зудыг эртнээс сэрэмжлүүлэх, тусламж, дэмжлэгийг оновчтой хуваарилж, хүргүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

- Дэлхий дахинд энэ өвөл  дулаан болно гэсэн мэдээлэл гарсан. Энэ дулаарал манай уур амьсгалд нөлөөлсөн үү?

- Дэлхийн бүс нутгийн  агаар мандлын урсгал хөдөлгөөнөөр  улс орнуудад хэрхэн нөлөөлөхийг аждаг. Тухайн урсгал хөдөлгөөн  ижил өргөрөгт оршиж буй бүс нутгуудад нөлөөлж ирсэн.  Тиймээс дулаарал манай уур амьсгалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг.
Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ


Монгол брэнд