top banner
Шуурхай мэдээ

Төв аймагт шүлхий гараагүй болохыг аймгийн ХХААГ-аас мэдэгдэв


2018-01-05 12:07:29
Зураг
Төв /МОНЦАМЭ/.  Өчигдөр bloombergtv.mn сайтад https://goo.gl/5rACoQ “Төв аймагт шүлхий илэрч хорио цээрийн дэглэм тогтоолоо. Ингэснээр улсын хэмжээнд шүлхийн хорио цээрийн дэглэм тогтоосон аймгийн тоо дөрөв болж байгаа юм.” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн. Харин энэ нь худал мэдээлэл болохыг аймгийн ХХААГ-аас мэдэгдлээ.

Одоогоор Төв аймагт шүлхий өвчин гараагүй. Хамгийн сүүлд малын гоц халдварт өвчин Төв аймгийн Алтанбулаг суманд өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр гарч, 11 сарын 15 хүртэл хорио цээрийн дэглэм тогтоон ажилласан. Үүнээс хойш нэмж малын гоц халдварт өвчин гараагүй гэж Төв аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны мэргэжилтэн Н.Энхтуяа хэллээ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 254, 276 тогтоолын дагуу “Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих” зорилгоор өнгөрсөн оны 12 сарын 10-аас энэ оны хоёрдугаар сарын 10 хүртэл 60 хоногийн хугацаанд Төв аймгийн Жаргалантын “24 даваа”, Дундговь аймгийн “Довны гуанз” гэсэн газруудад хяналтын хоёр пост гарган, хяналт тавин ажиллаж байна. Хяналтын хоёр постод аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ХХААГазар болон хоёр сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна.

Хяналтын хугацаанд 120 тн мах, 137 амьд малд хяналтын үзлэг хийсэн. Энэ жил амьд мал хяналтын постоор явах нь цөөхөн байна. Малын гарал үүслийн бичиг тодорхойгүй, бичиг баримтгүй мал хяналтын пост нэвтрүүлэх гэсэн оролдлого цөөнгүй ажиглагдаж байна. Иргэд энэ тал дээр анхаарах шаардлагатай байна гэж аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албанаас мэдээлэв. 
Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд