top banner

С.Цагаан: Ерөнхий боловсролыг хамгийн өндөр түвшинд эзэмшүүлэх сургуулийг Баянхонгортоо байгуулна


2018-01-05 14:22:38
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүхбаатарын Цагаан, математикч-математикийн багш мэргэжилтэй. Бэлтгэсэн шавь нар нь ЭЕШ-ын эхний байруудыг эзэлдэг, олимпиадад бэлтгэсэн хүүхдүүд нь аймаг, бүс, улсын уралдаануудыг өнгөлдөг бол өдгөө дэлхийн тавцангаас ч медаль “чангааж” эхлээд буй. Тэрээр Монгол Улсын бүх шатны, шилдэг сургуулиудын урилга заллагыг хойш тавиад төрсөн нутагтаа ирж ажиллан, өөрийн эхлүүлсэн ажилдаа улам бүр шимтсээр явна.
Саяхан Баянхонгор аймгийн “Бахархалт үйлстэн”-ээр тодорсон, "Алгоритм" сургалтын төвийн багш Сүхбаатарын Цагаантай ярилцлаа.

  -Та оны заагт “Баянхонгор аймгийн Бахархалт үйлстэн”-ээр шалгарлаа. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
    -Удирдлагууд ч, олон нийт ч боловсролыг эн тэргүүнд тавьж байгааг энэ үйл явдал харууллаа, үүнийгээ надаар төлөөлүүлж байгаа юм байна гэж ойлгосон шүү. Шагналын тухайд, аймгийн Бахархалт үйлстэн гээд есөн хүнийг аймгийн наадмаар шалгаруулсан байсан. Тэр шалгаруулалтын хоёр дахь шат буюу нэр бүхий хүмүүсээс аль дэмжиж буй хүнийхээ нэрээр хандивын дансанд хуримтлал үүсгэж, түүнийгээ энэ шинэ жилээр гардууллаа. Энэ хугацаанд чимээгүй байсаар, оны сүүлчээр хэл ирсэн. Тэгээд мэдчихсэн байсан болохоор шагнал гардаж байх мөчид нэг их зүйл ч бодогдсонгүй дээ. Нэг гараанаас, ижил шалгуур, нөхцөл байдалд өрсөлдөөд улсын аварга болохтой зүйрлэх аргагүй юм. Мэргэжлийн олимпиадын Монгол Улсын аваргын тавцанд есөн удаа зогслоо, шавь нараа ч олон удаа зогсоолоо шүү дээ. Тэр л сайхан байдаг. Өөрөөр сандрал, догдлол мэдрэгдэхээ байсан байна шүү.
      -Шагналын 20 гаруй сая төгрөг бол олон түмний хүчээр цугласан, чамлахааргүй мөнгө. Хэрхэн зарцуулахаа шийдэж амжсан болов уу?
     -Олимпиадын чиглэлийн гурван цуврал номыг Б.Батцэнгэл багш маань одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан байдаг. Тэр номууд хэрэгцээ шаардлага байгаа ч зах зээлд борлуулагдахгүй, дууссан байна. Шагналын мөнгөө дахин хэвлэхэд зарцуулахаар шийдээд багшдаа хүсэлтээ хэлээд байгаа. Багшаас тоймтой хариу хүлээж сууна. Тэдгээр нь бага болон дундын олимпиадын дэлхийн түвшинд бэлтгэх, маш сайн номууд юм. Сүүлийн үеийн олимпиадуудын агуулга, бодох аргачлалын дэлхийн жишиг тэр чигээр багтсан, маш том хөтөлбөр бүхий цуврал ном л доо.
     -Ингэхэд та Ерөнхий боловсролын дунд сургууль болон их дээд сургуулиа хаана дүүргэсэн бэ?
   -Наймдугаар анги хүртлээ Баянхонгортоо суралцсан. Гуравдугаар 10-н жилд сурч байгаад, Талст сургуульд шилжиж Г.Нямдаваа гэж хүний шавь болж мэдээлэл зүй, математикийн шинжлэх ухаанд илүү сонирхолтой болсон. Улмаар есдүгээр ангиасаа Улаанбаатар хотод МУИС-ийн Байгаль эх лицей сургуульд суралцаад үргэлжлүүлэн МУИС-ийн Онолын математикийн ангид суралцан Онолын математикч, багш мэргэжлээр төгссөн. Их, дээд сургуулийн багш болж бэлтгэгдэх анги юм л даа.
      -Тэгэхээр та их дээд сургуулийн багш бололгүй шууд л нутгаа зорижээ дээ. Шийдвэрт тань юу нөлөөлөв?
     -Монголын боловсролын тогтолцоо өөрөө “гажигтай”. Их сургуулийн багш болдог шалгуур их сонин. Их сургуулийн багш болтлоо дагалдан багш хийгээд явахаар гар дээр ирэх цалин хөлс маш бага, магистр болон доктор хамгаалаад үргэлжлүүлэн эрдмийн ажил хийхэд цаг хугацаа дэндүү их шаардана. Харин гадны орнуудад эрэмбээрээ их сургуулийн багш нь дунд сургуулийн багшаасаа маш өндөр цалин, хангамжтай байдаг. Их сургуулийн багш байх зиндааны хүн бол шууд л багшилчихдаг, тэр хугацаандаа эрдмийн ажлаа хийх боломж нь хангалттай, цалин хөлс сайтай. Манайд бол их сургуульд багшлах хэмжээний хүн тэндээ үлдэхийн тулд маш ихийг тэвчих хэрэгтэй болдог. Зарцуулах цаг, хүч хөдөлмөр, эдийн засгийн хувьд ч. Гэтэл ЭЕШ, олимпиадын чиглэлийн хүүхдүүд бэлтгэх нь гаргаж болох амжилт нь дөт, санхүүгийн хувьд ч их сургуульд багшлахаас хамаагүй боломжтой. Энэ мэт сонголтыг хийсэн хүмүүс ойр тойронд ч цөөнгүй бий. Энэ бол цэвэр боловсролын тогтолцооноос хамаарсан хэрэг л дээ. Биднийг төгсөх үеэр Улаанбаатар хотод хувийн томоохон сургуулиуд ихээр байгуулагдаж байсан.Тухайн үед улсын болон хувийн сургуулиудаас хангалттай их ажлын санал ирсэн. Оюутан байхаасаа заримд нь багшилж л байсан. Төлбөрөө нэгэнт төлөөд, сургуульд “даатгачихсан” хүүхдүүдтэй л ажиллаад байх тэр бүр сонирхолгүй шүү дээ. Тэндээс авьяастай нь хэд байх нь бас сонин. Үнэхээр авьяастай хүүхдүүдийг нээж, хөгжүүлж, үр шимийг хүртэх боломж хувийн сургалтад л байдаг. Өөрийн бодсоныг хэрэгжүүлэх, хүссэн программаараа хичээллэх чинь сурган хүмүүжүүлэгч хүнд бас л нэг боломж. Энэ мэт бодлоос үүдээд сургууль төгсмөгцөө л нутагтаа ирсэн. Тухайн үед манай аймгийн ЭЕШ-ын оноо маш доогуур, хийх ажил үнэхээр их байсан. Тэгээд нэгэнт шийдээд ирчихсэн юм чинь санасан зорьсноо хэрэгжүүлье гээд “том харж” мөрөөдөөд л ажиллаж эхэлсэн. Нөгөө талаар миний аав, ээж хоёр нөлөөлсөн болов уу. Эгэл жирийн дундчуулын амьдралд өссөн ч, дутагдах зүйлгүй өссөндөө “эрхэлж” сонгосон тал ч бий байх. Сургалтын төвийг маань тэд ч байгуулж өгсөн. Энэ нь надад сонирхлоороо ажиллах, хүссэнээрээ хөдөлмөрлөх боломжийг олгосон шүү. Тэд маань одоо ч зорьсноо л хий, дуртайгаараа ажилла л гэдэг.
      -Том харж, мөрөөдсөн зүйл чинь юу байсан бэ? Биелэлээ олов уу?
   -Баянхонгортоо, ерөнхий боловсролыг хамгийн өндөр түвшинд эзэмшүүлэх сургалттай сургууль байгуулна. 2019 оны есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жилээ эхэлнэ гэж тооцоолж байгаа. Эцэг эхчүүд нь үнэхээр л зориод, хүүхдээ хөтлөөд ирвэл нь Улаанбаатарын топ сургуулиудын хэмжээнд боловсрол мэдлэг эзэмшүүлэх зиндааны сургууль байх болно гэдгийг амлах байна.
      -Сайхан мэдээ байна. Тэгэхээр тэнд цогц мэдлэг олгох боломж бүрдэх нь ээ?
    -Математикийн сургалтын хувьд миний арваад жил туршчихсан сургалтын хөтөлбөр байж байна, тэрүүгээрээ дагначихна. Хамгийн чухал нь англи хэлийг, багаас нь маш цэгцтэй сургах асуудал. Одоо бол Баянхонгор аймаг ЭЕШ-ын англи хэлний дүнгээрээ 20 дугаарт, тэр дундаа өмнөх аймгаасаа нэлээд хол зайтай, гүйцэхэд бэрх хэмжээнд явж байгаа нь нууц биш. МУИС-ийн оюутнуудын англи хэлний түвшинг 12 шатанд хуваадаг юм. Тэнд Баянхонгороос суралцаж байгаа оюутнууд хамгийн доод буюу 11, 12 дугаар түвшинг дүүргэдэг. Энэ бол баримт, зориуд дурдчихъя. Хэрэв арай дээр англи хэлтэй байсан бол бүүр олон хүүхэд гадаадын шалгалтуудыг даваад эрт явчих боломж байлаа. Энэ байдалд л онцгойлон анхаарна даа, анхнаас нь. Зайлшгүй шаардлага байна.
      -Анх математикт хэрхэн дурлаж байв?
     -Бага ангиасаа л математикийн олимпиадад орж эхэлсэн. Энэ хүүд бага ч болов авьяас байна гэж бага ангийн Т.Баасанжав багш маань гадарласандаа намайг дэмжиж, бэлтгэдэг байсан байх. Оролцож байсан олимпиадуудынхаа амжилтаа урамшаад улам л математикт дурласан. Тэгэхээр хүүхдийн авьяасаас гадна багш хүний билгийн нүд асар чухал байгаа биз. Сүүлд долдугаар ангид байхаасаа мэдээлэлзүй, программчлалд шимтсэн. Тэр чиглэлийн мэргэжил эзэмшээгүй ч монголдоо цуутай Д.Ганзориг зэрэг багшийгаа дагаж, онолын математикийнхаа хажуугаар мэдээлэлзүй, програмчлалд бие даан суралцсан. Ингээд дуртай хичээлийнхээ хүрээнд нэг мэргэжилтэй, нэг мэргэшилтэй хүн л болсон байна даа.
      -Та зорьж ирсэн болгоныг хичээллүүлж байна уу, эсвэл ямар нэгэн шалгуур тавьдаг уу?
     -ЭЕШ-д 230 орчим хүүхдийг бэлтгэсэн. Харин энэ жилээс олимпиадын ажилдаа илүү анхаараад, ЭЕШ-д бэлтгэх хүүхдүүдээ цөөн тоогоор бүртгэлээ. ЭЕШ-ын сургалтад хичээллэх хүүхдүүдээс багтаамжнаасаа шалтгаалаад түвшин тогтоох маш энгийн шалгалт авдаг. Намар над дээр ирж байгаа хүүхдүүдийн 90 шахам хувь нь хасах оноо авдаг. Тестийн шалгалтыг зөв бөглөвөл нэмэх оноо, буруу бол хасах, хийгээгүй бол тэг оноо өгдөг юм. Кабинетийнхаа багтаамжиндаа тааруулж хүүхдийн тоогоо тогтооно. Мөн олимпиадын сургалтад хичээллүүлэх хүүхдүүдээ ч багахан шалгуураар сонгодог шүү. Хүүхэд эцэг эхтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр намайг өөрөө зорьж ирэх ёстой. Ирж уулзахад нь шалгалт авна. Түүнээс үндэслээд багш, шавь болдог. Одоогоор олимпиадын чиглэлийн 20 гаруй хүүхдийг бэлтгэж, их дээд сургуульд хүлээлгэн өгсөн байна. Нэг нь ч монголдоо биш, өндөр хөгжилтэй орнуудын тэтгэлгээр суралцаж байгаа.
      -Намрын түвшнээсээ хавар гэхэд л хэд дахин дээрдэнэ гэдэг их л шахуу хугацаанд бэлтгэгддэг байх нь. Таны заах аргын онцлог юу байна вэ?
     -Жишээ ярья. Логарифм гэх сэдэв байлаа. Энэ сэдвийг ЕБС-ын батлагдсан хөтөлбөрийн хүрээнд 3-4 жилд судалдаг. Эхний хэсгээ нэг жилд нь заачихлаа, дараагийн жилд нь дараах хэсгийг, түүний дараагийнхад үлдсэн хэсгийг заах зэргээр сэглэчихдэг. Тэр хооронд хүүхэд л болсон хойно өмнөх хичээлээ мартчихдаг байхгүй юу. Тэгээд тус хичээлийнхээ үргэлжлэл дээр юу ч үгүй л сууж байдаг. Энэ байдлаас нь болоод хүүхдүүд хоцрогдох, хичээлдээ дур сонирхолгүй болох тал бий. Манай сургалтын хувьд нэг бүлэг сэдвийг үргэлжлүүлээд тодорхой хугацаанд заачихдаг. Даалгаврыг нь цаг зав гаргаад яс шалгана. Өгсөн даалгавраа шалгадаггүйгээс болж баахан залхуу хүн үйлдвэрлэдэг болоод байна. Дунд, ахлах ангийн математикийн сурах бичгийг хичээлийн жилдээ зааж дуусгадаг багш ховордсон доо, эцэг эхчүүд хавар нэг нягтлаад үзнэ биз. Эсвэл түрүү жил дуусгасан уу? гээд хүүхдээсээ нэг асуугаад үзээрэй.
Мөн жил жилийн ЭЕШ-ын сорилуудыг 72 удаа хийдэг. Энэ сорилуудаа хийгээд байхаар заасан хичээлүүдийг мартахгүй, бататгаад байх боломжтой болдог. За тэгээд бусдын хичээлийг тэр бүр мэдэхгүй болохоор нарийн ялгаа заагийг би хэлж мэдэхгүй юм. Ер нь би хүүхдэд юм заах нь сонин биш, харин хүүхдийг өөрөө юм сурч чаддаг болгох нь чухал гэж үздэг. Манай төв сурах суурийг нь тавьж өгөх зорилгоор 2-3 жил ноцолддог. Тэрнээс хойш чадвартай хүүхдүүд нь бие даагаад, сурах эрмэлзлээрээ амжилтаа ахиулж, хүссэндээ хүрдэг юм.
      -Таны хичээл их дэгтэй юу. Сургалтад дүйцэж чадаагүй суралцагч гардаг уу?
    -Өдөр бүр өгсөн даалгаврыг маань хийгээд, хичээл дээр идэвхтэй байхад л хүүхэд өөрөө сурчихдаг. Зорьж ирсэн хүүхэд бүр авьяас, чадвартай байна гэж байхгүй л дээ. Гэхдээ л сургалтын дараа яав гэмээр сайжирчихсан байдаг. Би ямар ч хүүхдэд чи сурч чадахгүй юм байна аа гэж хэж байгаагүй, үнэхээр математикийн авьяасгүй хүүхэд бол сурч чадахгүй юм байна гэдгээ өөрөө ойлгоод, больчихдог.
      -Орон нутагт ажиллаж байхад давуу болон сул талыг хэрхэн ажиглав?
    -Эцэг эхчүүдийн хандлага өөр байна шүү. Хот суурин газарт бол эцэг эхчүүд үр хүүхэддээ үнэхээр сэтгэл гаргаж, цаг зарцуулж чаддаг. Мөнгө ч харамгүй зарцуулах юм. Ингэж л хүүхэд маань мэдлэг боловсролтой болж, өндөр зэрэглэлийн боловсон хүчин болох юм байна гэдгийг эртнээс ухаарчихсан байдаг. Харин орон нутагт бол эсрэгээрээ. Судалж мэдсэн нь хомс, сургаар л тэр сайн багш гэсэн гээд авчираад өгчихдөг. Тэгээд юу сургаж байгаа юм, яаж хичээллэдэг, хэрхэн хөгждөг зэргийг огт сонирхдоггүй, алга болчихно. Сургалтандаа элсүүлэхдээ түвшин тогтоох шалгалт авдагаа дээр хэлсэн. Шалгалтын дүнг харсан ар гэрийнхнийх нь нүд нь орой дээрээ гардаг. Ийм, тийм сайн дүнтэй сурдаг, ингэж тэгэж амжилт гаргадаг шүү дээ гээд гайхшаа бардаг. Үнэн хэрэг дээрээ хүүхдийн чадвар хасах оноотой л байдаг байхгүй юу. Одоо яаана аа, ийнэ ээ гэж гэчихээд хаалгаар гарна, эргээд яав ийв гээд ирэх нь нүдний гэм шүү. Давуу тал гэвэл хүүхдээ сайн сургачих юм сан гэх бодолтой нь олширч, аль сайныг нь хайдаг болж. Жил бүр л энэ хандлага нэмэгдэж байна.
     -Таны шавь нараас багш мэргэжлийн сонгосон нь хэчнээн байна вэ?
    -Нэг шавь маань дагалдаад, маш сайн багш болж байсан. Даанч эрт, 25 настайдаа зуурдаар бурхан болсон. Одоо их сургуулийн хоёр болон гуравдугаар курст сурч байгаа хүүхдүүд бий.
     -Орон нутагтаа ирж ажиллах болов уу?
   -Ажиллана аа. Ажиллуулна даа. Эндээ сургуулиа байгуулчихаад бүгдийг нь татаад, багшлуулна гэж бодож байгаа. Тэдгээр хүүхдүүд маань миний арга технологиор сурсан болохоор илүү ойлголцоод явах боломжтой. Аль хэдийн өөрийн арга барилтай болчихсон хүмүүсийг өөрийн заах аргын хүрээнд багшлуулна гэдэг бараг бүтэшгүй зүйл тул өөрийнхөө төгсгөсөн хүүхдүүдээр багшлуулна.
   -Шавь нарынхаа амжилтаас дурдаач. Ингэхэд гадагшаа тэтгэлгээр явсан хүүхдүүд эргэж харилцаа холбоо байх юм уу.
   -Олон улсын математикийн олимпиад буюу дэлхийн дэвжээний хоёрдугаарт орох зиндааны олимпиадад өнгөрсөн өвөл оролцсон шавь маань хөдөө орон нутгаас анх удаа медаль авчирлаа. 1970 онд дэлхийн олимпиадаас хүрэл медаль хүртэж байснаас хойш орон нутагт медалийн буухиа саяхнаас л үргэлжиллээ гэсэн үг. Улсын математикийн олимпиадын тухайд Баянхонгор аймгаас гурван хүн л хүрэл медальтай байсан, 51-р жилийнхэд л миний шавь аймгийнхаа анхны мөнгөн медалийг авчирлаа. Мэдээлэл зүйн олимпиадын монгол улсын аварга байна, миний төрсөн дүү л дээ. Сурагч байхдаа улсын аварга болсон цор ганц тохиолдол, манай аймгийн хувьд. Бүсийн олимпиадаас бол 100 хол давсан медальтан байгаа. Аймгийн олимпиадын аваргалсан сурагчдаа тоолдоггүй. Тоогоо алдсан гэх үү дээ. Шавь нарынхаа амжилтыг улам л ахиулна гээд ажиллаж байна.
Гадны орны тэтгэлгээр суралцаж байгаа шавь нарын тухайд математик голлосон ч давхар хэлний шалгалтад ордог. Англи хэлний мэдлэг дутмагаас хугацаа алдаж, хүссэн сургуульдаа хугацаа алдаж байж явах тохиолдол багагүй байна. Учир нь бас ЕБС-ийн гадаад хэлний хичээлийн мэдлэгийн түвшин тиймхэн байна л даа. Ингээд л төгссөн хойноо 1-3 жилийг хэл сурахад зарцуулаад явцгааж байна. Одоогоор 20 гаруй шавь өндөр хөгжилтэй орнуудын тэтгэлгээр суралцаж байгаа. Тэд бүгд л олимпиадчин хүүхдүүд. Надтай 600-аад километр шороон замаар сэгсчүүлээд л олимпиадад оролцдог байсан, түүнээсээ наана яаж өдөр шөнөгүй бэлтгэл хийж, ямар замыг туулж медалийн тавцанд зогсдог билээ гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг учир одоо ч холбоо харилцаа тасардаггүй. Тэтгэлгээсээ илүүчлээд, одоо суралцаж байгаа дүү нарынхаа олимпиадын бэлтгэл зардал, сургалтын төвөөс зохион байгуулдаг олимпиадын бодлогыг зохиох, медаль шагналд туслах зэргээр “ивээн тэтгэгчид” болчихоод байгаа. Залгамж халаануудаа бэлдэхэд залуу наснаасаа л анхаарч байгаа гэсэн үг. Мөн манайд суралцаж байгаа бага ангийн сурагчид 2-3 жил тасралтгүй хичээл зүтгэлтэй, сурлагын амжилттай байвал нь сургалтын төлбөрөөс чөлөөлчихдөг. Ингэж л математикчдийн цуваа тасрахгүй, амжилт нь саарахгүй байх нөхцөл бүрдэж байна.
     -Та бүхний гаргасан амжилтад шийдвэр гаргах түвшний хүмүүс хэр мэдрэмжтэй хандаж байна вэ?
   -Амжилтаа зарлаад явахгүй юм даа. Зарчим л тэр, чаддаг гэдгээ харуулах. Бид ийм амжилт үзүүлчихлээ, одоо ингэмээр байна гээд гүйж байсан удаагүй. Тиймээс ч гэртээ сууж байхад минь, танайхан ийм амжилт үзүүлсэн юм байна ш дээ гээд хэн ирэх вэ дээ.
Шүүмжлэлтэй ханддаг зүйл гэвэл улсын олимпиадад явах гэж байгаа хүүхдүүдийн зардал мөнгөний асуудал байдаг. Орон нутгаас ердөө Улаанбаатар руу очих, ирэх унааны зардал буюу 55.000 төгрөг л өгдөг. Тэр нь бас эхлээд биш ээ, явж ирсэн хойноо өчнөөн чирэгдэлтэй олдоно. Аймгийн олимпиадаас улсынхад оролцох эрхээ өвөртөлснөөс хойш дор хаяж нэг сарын хугацаанд манайх бэлтгэлийг нь хангана, зарим нь манай гэрт хүртэл амьдраад бэлддэг. Уг нь тэдгээр хүүхдүүд дан өөрийнхөө өмнөөс биш аймаг орныхоо нэрийг төлөөлж оролцдог юм л даа. Нарийн ярьвал “Алгоритм” гэх сургалтын төвийн маань нэр ч сонин биш, Баянхонгорынхон гэж л яригддаг. Олимпиадчин хүүхдүүд очоод хаана яаж байрлах, хоол ундны зардал, мандат болон хэрэглээний мөнгө гээд өчнөөн зарлага гаргадаг. Аймгийн олимпиад ч ялгаагүй дээ. Өөр аймгууд олимпиадаа том цар хүрээтэй хийж байна. Амжилт гаргасан хүүхдүүдээ хангалттай урамшуулж, мэдээлж байна. Манайх батламж, медаль л өгдөг. Дараагийн шатны олимпиадад оролцоход аль нь ч “ивээс” болохооргүй байгаа биз.
     -Одоо таны шавь нараас хамгийн бага нь хэдэн настнууд байна?
    -Бага, дунд, ахлах ангийн нас насны хүүхдүүд байна даа. Хамгийн бага нь нэгдүгээр анги, миний хүү. Хүүг маань хоёр сартай байхад Б.Батцэнгэл багш маань олимпиадчин болгоорой гэж захисан. Ер нь ч олимпиадчин байхын давуу талыг би өөрөө аль бага наснаасаа л ойлгосон. Төгсөх ангийн сурагчид ЭЕШ-ын сургалтад маань ирээд, зэрэгцээд суухад олимпиадад оролцож байсан хүүхэд нь даалгавраа илүү сайн хийдэг. Тэгэхээр тэр хүүхдэд олимпиадад оролцох явцдаа сурсан дадал, илүү мэдлэг байна аа даа. Ачаалал даах, бие даан суралцах, өөрийгөө дайчлах, тэсвэр тэвчээр зэрэг асар олон чадварыг олимпиадчин хүүхдүүд л бүрэн эзэмшсэн байдаг. Бие даах, өөрөө алдаагаа олдог болох гээд тоолшгүй олон чадвартай болох нь гол зүйл. Олимпиадад амжилт гаргах нь мөн чухал л даа. Их, дээд сургуульд, гадны оронд хамгийн сайн сургуульд оръё гэвэл амжилтынх нь баталгаа олимпиадад гаргасан амжилт нь байдаг юм чинь. Тэгэхээр би хүүгээ дунд анги хүртэл нь олимпиадчин байлгана. Тэрнээс хойш өөрийнх нь сонирхол юу байх нь вэ, ямар хичээлдээ дуртай байх нь вэ хүүхдийн дураар болно гэж бодож байгаа. Цаашид аль төрлөөр ч дагнах бай олимпиадчин байх нь олон төрлийн ашиг тустайг биеэрээ мэдэрсэн хүний хувьд одооноос хичээллүүлж байна даа.
     -Таны ярианд Б.Батцэнгэл багш гэх нэр цөөнгүй дурдагдлаа. Багшийнхаа талаар тодруулаач. Мөн “Баянхонгорын бахархалт үйлстэн”-ий маань бахархал нь юу вэ?
    -Миний мэдэхээр Монголын математикчдын түүхэнд хамгийн авъяастай нь Б.Батцэнгэл багш. 14 настайдаа Монгол Улсын аварга болоод, 19 настайдаа Их сургуулийн багш болсон, оюутан байхдаа л дээд ангийнхандаа хичээл заадаг байсан мундаг хүн. Дэлхийн олимпиадуудад өөрийнхөө зохиосон бодлогыг өгдөг, Монголыг дэлхийд төлөөлж байгаа эрхэм. Лицей сургуульд байхаасаа гэхээр, 18 шахам жил Б.Батцэнгэл багшийнхаа эрдмийн захаас суралцаж явна даа. Түүнээс гадна Монголд хамгийн олон олимпиадны ном зохиосон В.Адьяасүрэн багш, Г.Баярмагнай, Б.Баяржаргал, Д.Ганзориг зэрэг бахархал болсон багш нараа дурдах нь зүй. Цэвэр эрдмийн ажлаа хөөцөлдөөд, яг л математикаа хийгээд, өндөр түвшинд хүрсэн хүмүүс л дээ. Мэддэг хүн математикийг огт мэдэхгүй хүнд тайлбарлаж өгөх боломжгүй шиг, тийм л хэцүү, гайхамшигтай зүйл юм. Урд шөнө дэлхийд ийм нээлт хийгдэж гэнэ гэдгийг хамгийн түрүүнд мэдээд, дэлхийтэй цугтаа хөгждөг хүмүүс байхгүй юу.
     -Танд өөр газраас илүү боломж нөхцөл амлаад уривал хэрхэх вэ?
    -Хөрвөх л байсан бол би анхнаасаа энд ирэхгүй байсан. Надтай холбогдоогүй их, дээд сургууль, хувийн баян, том сургууль үлдсэнгүй. Бусад аймгуудаас ч санал ирдэг. Энд яагаад ирснийг, яагаад яваагүйг хүмүүс магадгүй 20 орчим жилийн дараа ойлгох байх. Аа би ингэх гэсэн юм аа гээд одоо орилоод байхаар чинь сонгуульд нэр дэвшигч шиг болчихно биз дээ. Багшийнхаа ажлыг л хийнэ, төлөвлөсөндөө хүрээд ирэхээр ойлгоно байх.
     -За энэ хугацаанд миний асууж амжаагүй, таны хэлмээр байсан зүйл байвал нээлттэй хормыг танд үлдээе.
    -Ер нь айхтар их ярьчихлаа шүү /инээв/. Улирагч жилээс шавь нарынхаа хүч бололцоог ашиглаад Баянхонгортоо сар бүр олимпиад зохион байгуулаад байгаа юм. Тэрүүгээрээ, олимпиад бол ийм нээлттэй зүйл байгаад байгаа юм, үүнээс ингэж хөгжиж болдог гэдгийг ойлгуулах зорилготой. Хүүхэд олимпиадад оролцоод гараад ирэхэд хананд нь тухайн бодлогуудын зөв бодолт, аргачлал нь байж байдаг. Хүүхэд тэндээс “Аа би энэн дээр нь алдчихсан байна ш дээ, энийг харин зөв хийж” зэргээр өөрөө оноогоо мэдчихдэг. Түүнээсээ суралцаж, дараагийнхад илүү амжилттай оролцдог. Ингэж тасралтгүйгээр уралдаант шалгалтаар хангаад ирэхээр сурах үйл ч тасралтгүй үргэлжлэх юм. Энэ ажлыг маань талархан хүлээн авч байгаа хүн олон байна. Жишээ хэлэхэд, сая авдаг Бахархалт үйлстэний шагналын батламжид “Баянхонгор аймагт “Алгоритм лиг”-ийг санаачлан зохион байгуулж, хойч ирээдүйн мэдлэг боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн...” гэж бичсэн байгаа. Өөр олон зүйлийг бичих зай талбай, боломжгүй байсан байж болох ч уралдаант шалгалтын үнэ цэнийг ойлгож эхэлж байгаа юм хэмээн ойлгож, баярлаж байгаа. Сар бүр болж байгаа олимпиадад маань аймгийн хэмжээнд 700 гаруй хүүхэд оролцож байна. Сумдын хүүхдүүдийг хамруулахдаа зардал чирэгдэл болгож, эндээ бужигнахгүйгээр интернэтээр даалгавраа өгөөд, бодолтуудыг аваад дүнгээ гаргачихдаг.
Олимпиадын сэдэв тасралтгүй хөгжөөд байхад, оролцох хүүхдүүд нь хөгжихгүй байгааг анзаарсан болохоор тус олимпиадыг эхлүүлсэн юм. 4-5 дугаар ангийн олимпиадад тогтмол оролцдог 100 гаруй хүүхэд байгаа бол төгсөх ангийн сурагчдын оролцоо маш муу байх жишээний. Эхлээд их идэвхтэй орж байсан хүүхдүүд, анги өгсөх тусам аажмаар цөөрдөг нь шантарч байгаа хэрэг байх. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар нь хүүхдүүдээ дэмжиж, хөгжүүлэх шаардлага их байна. Энэ ч үүднээс нэгдүгээр сардаа зохиох олимпиаддаа Архангай, Өвөрхангайнхныг урьчихсан байгаа. Цаашид улам өргөжүүлж, газар газрын хүүхдүүдийг уралдаант шалгалтаар хөгжүүлэхийг зорьж байна.
                                                                                                                                             Б.Мөнхзул

Монгол брэнд