top banner
Шуурхай мэдээ

"Мөнгөн мод" цомын эзэд тодорлоо


2018-01-05 16:15:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шилдэг уран бүтээлчид олгох “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагаа болж соёл, урлагийн төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын шилдгүүдийг тодрууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас шилдэг уран бүтээлчдийн бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн тухайн онд багтаан алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тус ажиллагааг 2017 оны 12 сарын 30-ны өдөр анх удаа зохион байгуулсан юм. Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлөөр явуулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг 3 сая төгрөгийн шагналын хамт гадууллаа.

Шилдэг уран бүтээлчид мэргэжлийн урлагийн 18 байгууллага, сургуулиас нийт 31 шилдэг уран бүтээлч нэр дэвшсэн юм. “Шилдэг дуучин"-аар Монголын орчин цагийн сонгодог бүтээлийг олон улсад сурталчлан BBC TV-ээс зохион байгуулсан “Дэлхийн дуучин” уралдааны Романсын төрөлд нэгдүгээр байр эзэлж Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн амжилтаар МУГЖ, Монгол төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одонт, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар  шалгарсан бол Биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар Дэлхийн соёлт хүн ардад Монголын соёл, дүрслэхүйн урлаг, бурханы шашны урлахуй ухааны эртний өв уламжлалыг хүргэсэн “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугамын онол” 3 боть түүхэн ховор бүтээлийг туурвихын зэрэгцээ соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэгч, өвлүүлэн уламжлуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар Монгол Улсын УГЗ, “Өлзий бадруулагч” хийдийн тэргүүн, бурханч лам, доктор Ганхүүгийн Пүрэвбат тодорлоо.

Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин шагналын эзнээр Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж жүжигчний ур чадвар, авьяас билгээр манлайлан тэргүүлэхийн зэрэгцээ “Миний нууц” уран сайхны киноны “Хандмаа”-гийн дүрийг чадварлагаар бүтээсэн гавьяат жүжигчин, “Хувьсал” продакшны захирал, жүжигчин Уртнасангийн Уранчимэг, Шилдэг хөгжимчин шагналыг Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг олон улсын хэмжээнд таниулан сурталчлахад ур чадвар, авьяас билгээрээ манлайлж Япон Улсын Токио хотноо болсон “Japan open piano” олон улсын А зэрэглэлийн төгөлдөр хуурчдын уралдааны 4 байр, Төрийн шагналт Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдааны “Шилдэг төгөлдөр хуурч”-аар тус тус шалгарсан амжилтаар Монгол Улсын Консерваторийн багш, төгөлдөр хуурч Батбилэгийн Бат-Эрдэнэ, Шилдэг бүжигчин шагналын эзнээр мэргэжлийн бүжгийн урлагийг олон улсын хэмжээнд таниулан сурталчлахад ур чадвар, авьяас билгээрээ манлайлж БНСУ-ын Сөүл хотноо болсон мэргэжлийн бүжигчдийн олон улсын бүжгийн 14-р “Seoul international dance competition 2017”-д 3-р байр, БНХАУ-ын ӨМӨЗО зохион байгуулагдсан “Монгол туургатны бүжгийн их наадмаас хүрэл цом тус тус хүртсэн амжилтаар МУСТА, Үндэсний урлагийн их театрын бүжигчин Энхтайваны Номин, Тайз дэлгэцийн шилдэг зураач шагналын эзнээр Дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балетыг мэргэжлийн урлагийн тайзнаа амилуулан бүтээхэд онцгой хувь нэмэр оруулж Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетын тайз заслыг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтаар Гунгаасүхийн Ганбаатар, Тайз дэлгэцийн шилдэг найруулагчаар Монголын дэлгэцийн урлагт шинэ өнгө төрх, орон зайг бий болгосон “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киног ур чадварын өндөр түвшинд бүтээн найруулсан МУСТА, “Фантастик” продакшны ерөнхий найруулагч Бат-Өлзийгийн Тамир нарыг тус тус 2017 оны шилдэг уран бүтээлчээр тодруулан алдаршуулав.

Д.Өлзий

Монгол брэнд