top banner

Гадны чадварлаг боловсон хүчнийг Хятадын бүтээн байгуулалтад татан оролцуулна


2018-01-07 12:52:47
Зураг Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны  нэгдүгээр сарын 1-нээс Хятад улс гадаадын иргэдэд виз олгох журамд өөрчлөлт оруулсан тухай өчигдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдлээ.
Тэрээр хэлэхдээ “Өнгөрөгч 11 дүгээр сард баталсан “Гадаад иргэдэд виз олгох журам”-ын дагуу гадаадын иргэнд ажиллах виз олгох цар хүрээ улам өргөжиж, хугацааны хувьд илүү уян хатан боллоо" гэв. 
БНХАУ-аас гадны улсад суух ЭСЯ, ДТГ-ууд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн уг журмын дагуу виз олгох ажлыг илүү хялбар болгож, виз олгох төрлийг нэмсэн байна. Тухайлбал, хамгийн урт хугацааны виз 10 жил, хамгийн урт хугацааны түр орших виз 180 хоног, хамгийн хурднаар виз авах хугацаа хүсэлт өгсөн өдрөөс хойш нэг хоногийн дотор, хамгийн хөнгөлөлттэй буюу визний төлбөр, яаралтайгаар виз авах нэмэгдэл төлбөрөөс чөлөөлөгдөх зэрэг төрөл, заалтууд багтжээ. Хөнгөлөлттэй нөхцөлд виз хүсэгчээс гадна түүний гэр бүлийн гишүүдэд мөн хураамжгүйгээр виз олгох юм байна.    
Эдгээр визний шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийснээр Хятад улс гадаадын чадварлаг боловсон хүчнийг татах боломж  нэмэгдэж, гадаадын иргэдийг Хятадын бүтээн байгуулалтад татан оролцуулах, Хятадын инноваци хөгжлийн чадавхийг дээшлүүлэх, Хятад улсыг гадаадад сурталчилж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.
 
А.Анхбаяр
 
 

Монгол брэнд