top banner

Цасан шуурганаар 20 хүний амь насыг авран хамгаалж чадлаа


2018-01-08 15:16:05
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд 20 хүний амь насыг авран хамгаалж чадлаа. Тус аймгийн ихэнх нутгаар өчигдөр цасан шуурга шуурч олон малчид малынхаа араас явж төөрсөн юм.  Энэ талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл авахад хүчтэй цасан шуурганы улмаас аймгийн хэмжээнд эрэн хайх аврах ажиллагааны 7 дуудлага ирсэн гэлээ.
Мал бэлчээртээ гарсан хойно цасан шуурга эхэлсэн нь ийнхүү малчид төөрөх аюулыг дагуулсан байна. Энэ сарын 7-ны өдрийн 15 цагаас шөнийн 02 цагийн хооронд хүчтэй цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан юм. Энэ хугацаанд аймгийн Онцгой байдлын газар болон сум орон нутгийн удирдлагууд хамтран ажиллаж 20 хүний амь насыг авран хамгаалж чадлаа.
Тус өдөр  Цогтцэций,  Ханхонгор ,Номгон, Баян-Овоо сумаас дуудлага хүлээн авсан бөгөөд дуудлагын дийлэнхииг авто машин цасанд суусан, малдаа яваад төөрсөн  зэрэг тохиолдлууд эзэлж байгаа юм байна. Эдгээр тохиолдлууд нь хувь хүний анхаарал болгоомжүй үйл ажиллагаанаас шууд хамраалтай юм. Иймд иргэд цасан шуургатай үед малаа бэлчээхгүй байх,  авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хол замд гарах, цаг агаарын сэрэмжүүлэг мэдээнд ач холбогдол өгч байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Д.Мишигсүрэн

Монгол брэнд