top banner

Монголын сайхан бичигтнүүд тодорлоо


2018-01-08 16:57:32

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 21 дэх жилдээ шилдгүүдээ тодрууллаа.

“Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа “уралдаан маань жил ирэх тусам өргөжин тэлж байна. Тухайлбал, уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй анги оролцлоо. Энэ нь тухайн ангийн бүх хүүхэд Монгол бичгээр зөв, цэвэр бичих дадалд суралцсан гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын боловсролын системийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан алхам болж байна” хэмээсэн юм.

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан Сайхан бичигтэн анги, 12 дугаар ангийн сурагчид, Бичлэгийн бус бүтээл, Мэргэжлийн багш нар, 1-11 дүгээр ангийн сурагчид болон Уран бичлэг, Насанд хүрэгчид гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.

Уралдааны хамгийн өрсөлдөөнтэй “12 дугаар ангийн сурагчид” ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн 12 “б” ангийн сурагч Э.Чойжи-Одсэр, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 “б” ангийн сурагч Д.Содномдаш, 12 “а” ангийн сурагч Х.Түвшинтүлхүүр болон Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Тунгалагтамир нар тэргүүллээ. Ингэснээр МУИС, МУБИС-д Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тэтгэлгээр дөрвөн жил суралцах эрхийн эзэн болсон юм.

Бийрийн ураас гадна оролцогчдын сэтгэл хөдлөл, сэтгэлгээ болон давтагдашгүй байдлыг илтгэх ангилал бол “Уран бичлэг”. Өнөө жил энэхүү ангилалд эрдэмтэн судлаачдын хэлсэн онч мэргэн үгсээс сонгон бичих даалгавартай байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн багш П.Батболор тэргүүлэв. Тэрээр Их зохиолч В.Инжинашийн “Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас Хөнгөн бийрийг хөшиж юу хиймой” хэмээх шадыг бичжээ.

“Монголын сайхан бичигтэн 2017” улсын уралдааны долоон ангилалд нийт 1000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын бүтээлийн үзэсгэлэн ирэх баасан гараг хүртэл Монголын уран зургын галерейд дэлгэгдэнэ.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд