top banner
Шуурхай мэдээ

Хятад улс энэ онд 5.8 сая шавар байшингийн айл өрхүүдээ орон сууцжуулна


2018-01-08 18:32:47
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Орон сууц, хот, хөдөөгийн бүтээн байгуулалтын яам өнгөрөгч онд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.
“Бид 2018 онд салбарынхаа системийн шинэчлэлийн ажлыг шат ахиулан хэрэгжүүлнэ. Тухайлбал, илүү олон субъектыг хамрах, нийлүүлэлтийн сувгийг олшруулах, түрээслэх, худалдан авалт хийх боломжийг хослуулсан шинэ зарчим бий болгоход ихээхэн анхаарна. Түүнчлэн 2018 онд 5.8 сая шавар байшингийн оршин суугчдыг орон сууцжуулна” хэмээн тус яамны сайд Ван Мэнхуй мэдэгдэв.
Мөн Тэрбээр “Орон сууцны зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, зах зээлийн тогтвортой эрүүл хөгжлийг эрчимжүүлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэх” талаар танилцуулав. Энэ оноос эхлэн 2035 он хүртэл хот тохижилтын төлөвлөгөөт ажлыг бүрэн эхээр хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ хотын бохир усны асуудалд онцгой анхаарч, хот суурин газрын ус зайлуулах хоолой болон хог хаягдлын цэвэрлэх байгууламж барих ажлыг тухайн газрын хөрсний онцлогт тохируулан сайжруулах 3 жилийн хугацаат ажлыг эхлүүлээд байгаа” гэв.
 Тус ажлын хүрээнд бүх нийтээр ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж хаях ажлыг эрчимжүүлж, зарим хотуудад туршилтын журмаар хэрэгжээд байгааг дурдав. Дашрамд дурдахад, Хятад улс 2017 оны байдлаар 6.09 сая  шавар байшингийн оршин суугчдыг орон сууцжуулсан бөгөөд энэхүү ажилд нийтдээ 1.84 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Ямартай ч саяханыг хүртэл агаар болон хөрсний бохирдлын асуудал нь шүдний өвчин байсан Хятад улс сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, асуудлыг цогц, ажил хэрэгч байдлаар шуурхай шийдвэрлэх арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний үндсэн дээр байгаль экологийг хамгаалах тал дээр нилээдгүй ахиц гараад байгаа. Үүний тод жишээ нь Бээжин хотын агаарын бохирдол өнгөрөгч оныхоос 20 хувиар буураад байна.  

                                                                                          А.Анхбаяр
                                                    
 

Монгол брэнд