Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 10 дахь жилдээ боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-01-09 12:21:04
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 10 дахь жилдээ болж буй Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөө суманд зохион байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Монгол Улсын начин Б.Дэмбэрэл агсаны нэрэмжит энэхүү тэмцээн уламжлал болсоор эдүгээ "Таван хан" бөхийн дэвжээ байгуулагдсаны 10 дахь жилтэй золгож буйгаараа онцлогтой юм. Тус тэмцээн нь 10 жилийн түүхэнд зохион байгуулагдахдаа аймаг, цэргийн цолтой бөхчүүд, сумын заан, залуу бөхчүүд гэсэн хоёр ангилалаар явагдаж иржээ. Энэ удаагийн барилдаан аймаг цэргийн цолтой 15 бөх тойргоор барилдсан бол сумын заан, залуу бөхчүүд нийт 63 бөх тойргийн журмаар барилдсан байна. Сумын заан, залуу бөхчүүд таван зоонд хуваагдаж, зоо бүрээс хоёр бөх шигшээ барилдаанд шалгаран барилдсан аж. Ингээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Алдар спорт хорооны бөх, аймгийн арслан Б.Уугандаваа, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат сумын заан Э.Энхтүвшин нар түрүүлжээ. Мөн барилдааны "Өсөх ирээдүйтэй залуу бөх"-өөр сумын заан Б.Орхонбаяр, "Уран барилдаантай бөх"-өөр сумын заан О.Болд-Эрдэнэ нарыг шалгаруулан шагнасан байна. Тэмцээнийг Ерөө сумын "Батхаан майнинг" ХХК, "Шинэ тайга" ХХК, "СББ" ХХК-иуд ивээн тэтгэжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ