top banner

Мэдээлэлзүйн багш нар мэдлэгээ сорилоо


2018-01-09 16:51:01
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн нэрэмжит аймгийн Мэдээлэлзүйн багш нарын Стандарт 2-р олимпиад өчигдөр болсон байна. Уг олимпиад нь Мэдээлэлзүйн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ахмад болон залуу багш нарын хооронд туршлага солилцох, улсын олимпиадын бэлтгэл хангах, Увс аймагт мэдээлэлзүй, түүн дотроо программчлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, Улсын олимпиадад үзүүлдэг амжилтуудаа таслахгүй бататгах, залуу хойч үеэ бэлтгэх зэрэг ач холбогдолтой аж.
Улаангом политехник коллеж нь уг олимпиадыг өөрийн нэрэмжит болгон сургуульдаа зохион байгуулж, техник тоног төхөөрөмж, анги танхим, багш нараар хангаж ирсэн бөгөөд цаашдаа ч жил бүр уламжлал болгон явуулах юм байна. Энэ удаагийн олимпиадад Наранбулаг сумын багш Б.Мөнхтуул 1-р байр, Цогцолбор 2-р сургуулийн багш Т.Нэмэхжаргал 2-р байр, Ахлах 3-р сургуулийн багш Б.Лхагвасүрэн 3-р байр эзэлсэн байна. Мөн Цогцолбор 1-р сургуулийн багш Ч.Тунгалаг, Завхан сумын багш Б.Нэмэх, Ахлах 4-р сургуулийн багш Ж.Жиндэгмаа нар тусгай байр эзэлжээ.
“Олимпиадад оролцсон багш нарын бодлого бодолт ноднин жилийнхээс эрс дээшилсэн нь бахархууштай байлаа” хэмээн тус коллежийн Мэдээлэлзүйн багш Р.Итгэл онцоллоо.
Б.Батхүү

Монгол брэнд