"Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн холбоо”-ноос Талархлын бичиг илгээснийг гардуулав

Монголын мэдээ | Спорт
ariunbold@montsame.mn
2018-01-09 18:31:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 10 дугаар хорооны иргэн холын зайн гүйгч, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Ж.Одгийвийг хүлээн авч уулзлаа.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т гүйлтийн спортыг дэмжиж, аливаа тэмцээн уралдаанд баг, бүрэлдэхүүнээ идэвхтэй оролцуулдаг. Энэхүү идэвх зүтгэлийг нь үнэлж Монгол дахь "Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн холбоо”-ноос Талархлын бичиг ирүүлснийг уулзалтын үеэр тэргүүний ажилтан Ж.Одгийв тус дүүргийн Засаг даргад гардуулав.

Монгол дахь Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн холбоо”-ноос зохион байгуулдаг эв найрамдлын гүйлтэд  холын зайн гүйгч Ж.Одгийв жил дараалан амжилттай оролцдог билээ.

Тухайлбал, 2010 онд БНХАУ, ОХУ-д болсон 4000 километр, 2012 онд ОХУ, Казахстан улсад зохион байгуулсан 3000 километр, 2013 онд Австрали улсад зохион болсон 1500 километрийн гүйлтэд оролцсон юм. Мөн 2014-2016 онд Канад, БНХАУ, АНУ-д болсон холын зайн гүйлтэд оролцсон байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АНУ-ын Нью-Йорк хотноо 23 орны 80 гаруй тамирчин оролцсон зургаан өдрийн холын зайн гүйлтийн 60-69 насны ангилалд амжилттай оролцож хоёрдугаар байр, цомын эзэн, Лос-Анжелес хотноо 100 гаруй тамирчин оролцсон Ахмад Мастеруудын тэмцээнээс алтан медаль хүртэж байв.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ