top banner
Шуурхай мэдээ

Д.Загджав: Шатахуун импортлогчид алдагдалтай ажиллаж буй эсэхийг шалгана


2018-01-09 19:20:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны бодит үнэ болон  импортлогч компаниудын алдагдалтай байгаа гэсэн мэдээллийг нягтлах ажлын хэсэг байгуулах болсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д. Загджав мэдэгдлээ.

Тэрээр ярихдаа, “Засгийн газраас  автобензины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой шатахууны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол нийгэмд үүссэн.Тиймээс салбарын яамнаас гурван талын уулзалтыг хийлээ. Шатахуун импортлогчдын зүгээс алдагдалтай ажиллаж байгаа гэж байна. Тиймээс салбарын яам АМГТГ болон  Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо,  ШӨХТГ, шатахуун импортлогч компаниудын оролцоотой ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа шатахууны үнийн  асуудлыг хөндөнө. Үнэндээ Засгийн газраас шатахуун импортлогчдын тавьсан  нөөц бүрдүүлэлт хийх саналыг хүлээн авч хоёр удаа онцгой албан татварын хугацааг  хойшлуулж, уян хатан ажилласныг та бүхэн мэдэж байгаа. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөр шатахууны үнэ нэмэх шийдвэр гараагүй байна. Ийм үед шатахууны үнийг нэмэх ёсгүй" гэв.

ОУВС-аас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай улс Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотой шатахууны үнийн асуудал үүссэн. Тэгвэл иргэдийн зүгээс онцгой албан татварыг хөнгөлөхөд шатахуун импортлогчид үнээ бууруулдаггүй хэрнээ нэмэх үед үнээ нэмдэг жишиг тогтсоныг шүүмжилж байгаа юм.

Б.Заяа

Монгол брэнд