Он гарсаар хоёр мянга гаруй хүн эмнэлэгт ханджээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-01-10 12:03:02
Дорнод /МОНЦАМЭ/. Шинэ он гарсаар эхний дөрөв хоногийн дотор  л гэхэд аймгийн ӨЭМТ-үүдэд хоёр мянга гаруй хүн үзүүлжээ. Үүний 13.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм. Эдгээрийн дийлэнх хувийг 0-5 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. 
Тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ийн нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар ӨЭМТ-үүд уртасгасан цагийн хувиараар ажиллаж, нярай, өндөр настанд тогтмол хяналт тавьж байгаа аж. Өрхийн эмнэлгийн эмч нар БОЭТ-ийн хүүхдийн тасгийн хүлээн авахад оройн 18-22 цаг хүртэл жижүүрлэж байгаа бол бямба гаригт аймгийн хэмжээнд өрхийн гурван эмнэлэг өглөө 10.00-14.00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн ӨЭМТ-үүд иргэдэд томуу, томуу төст өвчний зөвлөмж хүргэн гэрийн эргэлтийг сайжруулах, зорилтот бүлгийн иргэдэд эм олгох ажлыг явуулж эхэлжээ. Эмч сувилагч нар 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй болон өндөр настай хүмүүсийн гэрт нь очиж үзлэг хийж байна.
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдийн өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад буурчээ. Аймгийн Эрүүл мэндийн газар өрхийн эмнэлэг, цэцэрлэгүүдээс өдөр тутам мэдээлэл авч байгаа гэж мэдээллээ. Томуу улам ихэсч, цэцэрлэгийн ирц багасахад хүрвэл хичээлийг түр хугацаанд хаах хүртэлх арга хэмжээг ч авч магадгүй гэв.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ