top banner

Э.Бямбасүрэн:Сансрын бүх мэдээллийг Монгол улс өөрийн үндэсний хиймэл дагуулаас авах нь маш чухал


2018-01-10 13:46:52
Зураг
 Бээжин /МОНЦАМЭ/. Бид та бүхэнд БНХАУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа талаар цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Бээжин хотод байрлах “Ази Номхон далайн Сансар судлалын хамтын ажиллагааны байгууллага”-д /APSCO/ ажиллаж буй Э.Бямбасүрэнтэй ярилцаж, Сансар судлалын өнөөгийн хөгжлийн талаар тодрууллаа.
 
-Та өөрийгөө болон байгууллагынхаа талаар манай уншигчдад танилцуулна уу?
- Би 2016 оны 4 дүгээр сараас хойш  "APSCO" -д Стратеги төлөвлөлт, төслийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Энд ирэхээсээ өмнө Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Статистик мэдээлэл, хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2010 оноос хойш ХХМТГ маань APSCO-ийн Монголын талын “төлөөлөх байгууллага”-аар ажиллаж байгаа юм.
Манай байгууллага бол олон улсын Засгийн газар хоорондын байгууллага. Монгол, Хятад, Бангладеш, Иран, Пакистан, Тайланд, Турк, Перу гэсэн 8 үндсэн гишүүн, нэг ажиглагч орон  нь Мексик гэсэн гишүүнчлэлтэй. НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын хоёр байгууллагын нэг нь . Нөгөө нь бол ЕSA буюу Европын “Сансар судлалын хамтын ажиллагааны байгууллага” юм. Гишүүн орнууд тал талаасаа төсвөө босгож, ашиг тусыг нь тэнцүү хэмжээгээр хүртэх зарчимтай учир аливаа улсын дангаар явуулж буй үйл ажиллагаанаас ялгаатай байдаг. Судалгааны ажил хийхэд давуу туршлагтай орон нь тэргүүлж оролцоод, бусад орнууддаа мэдлэг, туршлагаасаа хуваалцах  зарчмаар үйл ажиллагаа явдаг. 
 
-Манай улс энэхүү байгууллагад хэзээ элсэн орсон бэ? Танай байгууллагын гол зорилго юу вэ? Гол үйл ажиллагааны талаар сонирхуулахгүй юу?
-2008 онд манай байгууллага бүтэц, гишүүнчлэлийн шинэчлэл хийж, шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ цагаас хойш манай улс гишүүн болсон.
Манай байгууллага бол Сансрын холбоо болон технологийг ашиглаж, гишүүн орнуудынхаа залуу үеийг энэ чиглэлээр сургаж мэргэшүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, сансрын орон зайг энх тайвнаар ашиглах гэсэн үндсэн зорилготой. Гишүүн орнуудын боловсон хүчнийг бэлтгэх, сансрын хэрэглээний, сансрын шинжлэх ухааны судалгааны, сансрын технологийн гэсэн үндсэн 4-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.    
Үүний дагуу гишүүн орнуудынхаа залуу боловсон хүчнийг Хятадын Засгийн газрын тэтгэлгээр Бээжин хотын Бэй Хан Их сургуульд  сансар судлалын  чиглэлээр  сургаж байна. Сансар судлал гэхээр зөвхөн хиймэл дагуул хөөргөнө гэсэн ойлголт биш. Одоо бол ТВ-ийн долгион дамжуулах, радио телевиз, гар утасны үйлчилгээ зэрэг бүхий л салбарт сансрын технологийг ашиглаж байгаа. Үүнээс гадна цаг уурын тандан судалгаа, орон зайн мэдээллийн систем зэрэг голлох салбарууд бий. Тиймээс эдгээр чиглэлүүдээр магистр, докторт сургаж байна.
Манай улс гэхэд 2010 оноос хойш 40 гаруй боловсон хүчнээ энэхүү сургалтад хамруулсан байдаг. Мөн өнгөрсөн оноос Хятадын Шанхай, Ши Ань хотын Их сургуулиуд хамтын ажиллагааны шугамаар нэмэгдсэн. Тэгэхээр улам л олон оюутан сургана гэсэн үг.
 
-Энэ байгууллага манай улсад ямар үр өгөөжтэй байна вэ, Монгол улсын Сансар судлалын дэлхийн хаана явж байна вэ?
-Манай улс 1950-иад оны дунд үеэр Сансар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулсан. ЗХУ-тай хамтарч сансарт Монгол хүн ниссэн. Дэлхийн 101 дэх, Азийн хоёр  дахь сансрын нисгэгчтэй улс болсон ч сүүлийн бараг 30-аад жилийн хугацаанд энэ чиглэлийн хөгжил зогсонги байдалтай байна.
Одоо эргээд залуу боловсон хүчнээ бэлдэж, энэ салбарыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Хэрвээ энэ салбар маань хангалттай хөгжөөд, бид өөрийн сансрын хиймэл дагуулаа хөөргөчихвөл сансрын бүх харилцаа холбооны үйлчилгээг Монгол улс өөрийн үндэсний хиймэл дагуулаас авна гэдэг  маш чухал. Одоогийн байдлаар манайх гадны улс орны хиймэл дагуулыг түрээслэж байна. Үүнийг хийхийн тулд эхлээд мэдэх, боловсрох хэрэгтэй. Нэг үеэ бодвол манай  залуус гадаадын улс орнуудад энэ чиглэлээр сурч боловсорсон. Боловсон хүчний хувьд давгүй бэлтгэгдэж байна. Мөн МУИС-д Сансар судлалын чиглэлээр магистрын боловсрол эзэмших боломж бүрдсэн.  
 
-Одоогоор хэрэгжүүлж буй томоохон төслүүдээс дурдвал?
-Одоогийн байдлаар гишүүн орнуудын дунд сансрын хэрэглээ, судалгаа зэрэг чиглэлээр 20-иод төсөл хэрэгжиж  байна. Гишүүн орнуудын зүгээс эдгээр төслүүд дээр 1-2 хүн хариуцаад, тал талаасаа мэргэжилтнүүд нь оролцоод явдаг. Сансар судалгааны ажил бол маш их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг. Хамгийн багадаа төслүүд 5-8, 8-12 жилд бүрэн хэрэгжиж, үр дүнгээ өгдөг. Одоогоор төслүүд маань үр дүнгээ өгч эхлэх цаг нь арай болоогүй байгаа ч төслүүд хэрэгжих явцад Монголын цаг уур, Геодези зурагзүйн газар зэрэг байгууллагуудын судалгаа шинжилгээний ажилд үр дүнгээ өгч байгаа.    
-Өнгөрсөн жил манай улс “Мазаалай” хиймэл дагуул хөөргөсөн.  Хиймэл дагуулаас мэдээлэл авч байгаа болов уу?
-Японы Сансар судлалын холбооноос “Шувуу” хэмээх төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөлд Монгол, Бангладеш, Нигер зэрэг орны оюутнууд магистр, докторынхоо судалгааны ажилд хиймэл дагуул хөөргөсөн. Үүнийг  Японд сурч буй Монгол оюутнууд хийсэн. “Мазаалай” бол нано буюу жижиг  хэмжээний хиймэл дагуул. Нано хэмжээнийх учир 6 сарын настай. Нано хиймэл дагуул хөөргөж чадсан гэдэг маань манай улсын хувьд асар их ололт амжилт, туршлага болсон. Ирээдүйд холбооны эсвэл сансрын хиймэл дагуул хөөргөх бэлтгэлийг манай залуу үе хийж чадсан.
Гэвч энд сураад боловсрол эзэмшиж буй боловсон хүчнүүд маань төгсөөд Монголдоо очиход энэ чиглэлийн байгууллага байхгүй учир өөр чиглэлийн ажил эрхлэх, эзэмшсэн боловсролоороо улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжгүй, мөн судлаач эрдэмтдийн залгамж халаа байхгүй байдаг зэргийг онцлох нь зөв байх.
А.Анхбаяр
 

Сурталчилгаа
Монгол брэнд