top banner

Дуудлагын жолооч үйлчилгээг нэвтрүүлэхээр туршжээ


2018-01-10 13:58:27
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар аймгийн Цагдаагийн газраас Дорноговь аймгийн Сайншанд хотод дуудлагын жолооч үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг шинэ жилийн баярын үеэр судалжээ.
Учир нь олныг хамарсан баяр ёслолын үеэр иргэд согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөн зөрчих, авто осол гаргах эрсдэл их байдаг тул энэхүү эрсдлээс сэргийлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна.
Дуудлагын жолооч нь тухайн хүний машиныг жолоодож иргэнийг гэрт нь хүргэж өгөх, машин тэргийг нь  найдвартай газар зогсоолд тавих үүргийг хүлээдэг бөгөөд үүнийхээ төлөө тухайн хүнээс төлбөр авдаг үйлчилгээ юм.
Өнгөрөгч шинэ жилийн баярын үеэр дуудлагын жолооч нийт таван хүнд үйлчилсэн бөгөөд нэг хүнд үйлчлээд 5000 төгрөгийн хөлс авсан аж. Гэвч үйлчүүлэгчид дуудлагаар очсон жолоочид агсамнах, өмнө нь ийм үйлчилгээ авч байгаагүй учраас зохисгүй үг хэллэг хэлж, хэл амаар доромжлох байдал их гарсан бөгөөд дуудлагын жолоочийн энэхүү үйлчилгээ тийм ч амаргүй байсныг цагдаагийн албаны хүн хэлэв.
Дашрамд дурдахад 2017-2018 оны шинэ жилийн баярын өдрүүдээр Замын цагдаагийн албаныхан нийт 20 орчим зөрчил илрүүлж зохих арга хэмжээг авч ажиллажээ.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд