top banner
Шуурхай мэдээ

Цас, зуднаас үүдэн аймгийн хэмжээнд 4000-аад толгой мал хорогдоод байна


2018-01-10 14:02:53
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын гурван хэсэг өнгөрсөн өдрүүдэд сум орон нутгийн удирдлагууд, малчидтай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн юм. Малчдын хувьд ханиад томууны гаралт ихэссэнтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай авах, жороор олгодог эмийг өөрсдийн гар дээр хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд харилцаа холбоо тогтоох үүднээс жи-мобайлын сүлжээг сайжруулах, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл худалдаж авах зэрэг хүсэлтийг ажлын хэсгийнхэнд уламжилсан байна.
 Харин сумдын удирдлагууд сум орон нутагтаа шаардлагатай байгаа өвс, тэжээл, шатахуун, нүүрс түлээний хэмжээг тодорхойлж, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Тухайлбал, Мөст сум 1280 уут тэжээл, 30 тн өвс, Манхан 1000 пресс, 300 уут тэжээл, Мянгад 162 уут тэжээл, Ховд сум 266 уут тэжээл, Мөнххайрхан 400 уут тэжээл, 1000 пресс өвсний туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Өнөөдрийн байдлаар цас, зудын нөхцөл байдлаас болж аймгийн хэмжээнд нийтдээ 3904 толгой мал хорогдоод байна. УЦУОШГ-аас хийсэн зудын эрсдлийн үнэлгээгээр Дарви, Жаргалант, Манхан, Чандмань, Дуут, Мянгад, Эрдэнэбүрэн сумдын нутгаар буюу нийт нутгийн 43,75 хувьд зудархуу нөхцөлтэй байгааг тодорхойлжээ.
Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж зудын хүндрэлийг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, цаашид учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхээр тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. 
 
Эхний ээлжинд нэг суманд 600 пресс өвсийг энэ сарын 15-наас өмнө хүргүүлэхээр боллоо. Мөн сум тус бүрт малчдыг эргэх байнгын эргэлтийн баг ажиллуулж, “Малчдадаа тусалъя” аяны хүрээнд цугларсан өвс, тэжээл, хүнс, барааг малчдад хүргүүлэх юм. Үүнээс гадна сумын төвөөс хол, хөдөөний багийн малчдад эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх эмч, мэргэжилтнүүдийн баг гарган ажиллуулж, шатахууны зардлыг аймгийн онцгой комиссоос гаргахаар шийдвэрлэлээ. 
Мөн хурлаар иргэдийн эм худалдан авах чадвар тааруу байгаагаас ханиад томууны гаралт буурахгүй байгааг харгалзан үзэж БОЭТ-ийн Хүүхдийн тасагт нэг сая төгрөгний эмийг олгож, хөдөө сумдуудад ч бас яаралтай хэрэгцээний эмийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

                                                                                                                                              А.Бямбасүрэн

Монгол брэнд