top banner

АНУ-д 2017 онд байгалийн гамшгийн улмаас өмнөх жилүүдийнхээс их хэмжээний хохирол учирчээ


2018-01-10 15:22:50
Зураг
ВАШИНГТОН. /АП/. Өнгөрсөн онд АНУ-д байгалийн гамшгийн улмаас урьд урьдын жилүүдийнхээс их буюу 306 тэрбум долларын эд материалын хохирол учирчээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр,  АНУ-ын Далай ба агаар мандал судлалын газраас саяхан гаргасан мэдэгдэлд “Өнгөрөгч 2017 онд манай улсад байгалийн гамшгууд, тухайлбал хар салхины улмаас 306 тэрбум орчим долларын хохирол учирсан. Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын талаарх мэдээллийг 1980 оноос цуглуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд байгалийн гамшгийн улмаас хамгийн их хохирол учирсан тохиолдол болж байна” гэжээ.

2017 онд АНУ-д 16 удаа байгалийн гамшиг тохиолдсон байна. Тэдгээрээс хамгийн их хохирол учруулсан нь “Харви” хар салхи аж. Энэ хар салхины улмаас 125 тэрбум долларын хохирол учирсан гэнэ. Учруулсан хохирлын хэмжээгээрээ Калофорни муж улсад дэгдсэн ой хээрийн түймэр хоёрдугаарт орж байна. Энэ түймрийн улмаас тус улсад 18 тэрбум долларын хохирол учирсан гэнэ.

Далай ба агаар мандал судлалын газрын мэдэгдсэнээр, үүнээс өмнө 2005 онд АНУ-ыг дайрсан “Катрина” хар салхи учруулсан хохирлынхоо хэмжээгээр нэгдүгээрт бичигдэж байжээ. Энэ хар салхины улмаас 108 тэрбум долларын эд материалын хохирол учирч, 1800 гаруй хүн амиа алдаж байсан юм.

АНУ-д төдийгүй дэлхий дахинд сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг ар араасаа болсоор байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй салшгүй холбоотой гэж цаг уурчид үзэж байна.
 
Г.Доржханд


Монгол брэнд