top banner
Шуурхай мэдээ

Хөгжмийн сургалтын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв


2018-01-10 15:49:33
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагтаа цор ганц хувийн “БМБ МОЖ-Л” хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо нар танилцлаа.
Тус сургалтын төв үйл ажиллагаа явуулаад таван жил болохдоо 500 шахам хүүхдэд хөгжмийн боловсрол олгожээ. Одоогийн байдлаар сургалтын төвөөр 4-16 насны 20 гаруй хүүхэд төгөлдөр хуур, хийл, хуучир гэсэн хөгжимд шамдан суралцаж байна. Сургалтандаа хоёр жилийн турш тууштай явсан хүүхдүүдээ гурав дахь жилээс үнэ төлбөргүйгээр хичээллүүлж, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулдаг байна.
Сургалтын төвийн захирал Л.Батсүх нийтийн орон сууцны нэг давхрын хоёр өрөө байраа сургалтын төвийн зориулалтаар тохижуулж, үйл ажиллагаагаа явуулдаг аж. Хөгжмөөр дамжуулан хүүхдүүдэд гоозүйн боловсрол олгох, улмаар ирээдүйд аймгийн ХДТ-ын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх томоохон зорилгыг өмнөө тавьсан тус төвийн хамт олны үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Г.Батжаргал танилцаад үйл ажиллагааг нь цаашид дэмжих, ингэхдээ Хөгжимт драмын театрт ямар нэг түрээс, төлбөр авахгүйгээр илүү том зай талбай гаргаж өгөхөд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ингэснээр тус төвийн шилдэг сурагчид аймгийн ХДТ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглолтод оролцох, мэргэжлийн хөгжимчдөөс туршлага судлах, материаллаг баазаар хангагдах гээд олон давуу тал бий болох юм.
Сонирхуулахад, “БМБ МОЖ-Л” сургалтын төвийн сурагчид 2016 онд Улаанбаатар хотноо болсон “Music lovers young artist" Улсын  анхдугаар уралдаанаас 4 шагналт байр эзэлсэн бол 2017 онд болсон Хоёрдугаар уралдаанд 10 сурагчтай оролцож, сурагч Т. Буяннэмэх төгөлдөр хуур хөгжмөөр Алтан медаль, сурагч Ж.Энх- Амгалан хийлийн төрлөөр гутгаар байр, сурагч С.Ариунтөгс хийлийн төрлөөр тусгай байрын шагнал хүртжээ. Мөн тус төвийн хамт олон 2017 онд “Шинэлэг оюуны эхлэл” тайлан тоглолтоо 23 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр Баянхонгор аймгийн нийт ард иргэддээ тайлагнасан байна.
                                                                                                                                                     Б.Мөнхзул

Монгол брэнд