top banner
Шуурхай мэдээ

Ноосны урамшууллыг тэжээлээр солих ажил хэрэгжиж эхлээгүй байна


2018-01-10 16:28:04
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр малчдад ноосны урамшууллаа тэжээлээр солих боломжийг бүрдүүлсэн юм. Урамшууллын санхүүжилт нь баталгаажсан малчдын мэдээллийг аймаг, сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлжээ.

Дээрх мэдээллийг үндэслэн сумдын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд малчдад урамшууллын мөнгөөрөө тэжээл авах зөвшөөрлийг олгох аж.

Уг ажлыг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр "Асгант кент" компани өнгөрсөн 12 дугаар сард ХХААХҮЯ-тай гэрээ хийсэн ч Мал хамгаалах сангаас зохих санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар хараахан эхлээгүй байна. Тухайн гэрээнд 40 кг-ын тэжээлийг малчдад 15 мянган төгрөгөөр үнэлж өгөхөөр тусгажээ. Компани малын тэжээлээ ноосны урамшууллаар сольж авахыг зөвшөөрсөн МЭҮТ-ийн зөвшөөрөл болон малчны өөрийн гараар бөглөсөн хүсэлтийн хамт хүлээн авч нэгтгэн Мал хамгаалах санд хүргүүлж санхүүжилтээ авах ёстой ажээ.

Дашрамд сануулахад, 2017 онд Баян-Өлгий аймгийн  малчид 646,8 тонн ноос тушаажээ. Үүнээс 155,7 тонн ноосны санхүүжилт  ченж, компаниуд малчдын гараас авсан ноосоо үндэсний үйлдвэрүүдэд тушаагаагүй гэх шалтгаанаар баталгаажаагүй ба 6300 малчны 494,1 сая төгрөгийн урамшуулал авах эрх нь үүссэн байна.   

Ө.Нурболат


Монгол брэнд