top banner
Шуурхай мэдээ

МЧБХ-ноос УАШТ-ий өмнө ёс зүйн дүрмээ танилцуулжээ


2018-01-10 16:36:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд зохион байгуулахтай холбогдуулж тамирчид, дасгалжуулагчдад Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ёс зүйн дүрмийг танилцуулжээ.

Энэ удаагийн УАШТ нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хэрэгжиж эхлэх шинэ жингээр явагдах гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, эрэгтэйчүүд 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-д, эмэгтэйчүүд 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулна. Иймд дотоодын зөрчил ихтэй байгаа тус холбооны тамирчид, багш, дасгалжуулагч нарт уг ёс дүрмийг урьдчилан танилцуулж, тэмцээний үеэр маргаан гарч асуудал үүсвэл уг дүрэмтэй танилцсан байхыг МЧБХ-ноос анхааруулсан байна.

Дүрэмд заасан ёс зүйн хэм, хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, зөрчихийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэх юм. МЧБХ-ны ёс зүйн дүрмийг холбооны "Mongolian Wrestling Federation" хуудсанд нийтэлжээ. 2018 онд олон улсын тэмцээнд оролцох эрхийг тус УАШТ тамирчдад олгоно. Мөн ДАШТ-ий сорил тэмцээнд оролцох эрхийн оноог авах юм.

Тодруулбал, МЧБХ-ноос ДАШТ-д оролцох тамирчдыг УАШТ-ээс шууд тодруулахгүй. Харин нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхэлсэн бөгөөд УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох юм. Баг тамирчид өөрсдийн клубтээ бэлтгэлээ базааж байгаа бөгөөд улсын аваргын төлөө барилдах  тамирчид маргааш буюу пүрэв гарагийн техникийн зөвлөлийн хурлаар тодруулахаар болжээ.


 
Д.Өлзий

Монгол брэнд