top banner

Завханы гурван уяачийн хурдан хүлэг өндөр чансаатай хүлгээр нэрлэгджээ


2018-01-10 22:26:00
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай эрлийз дээд ангиллын жагсаалтад 15 хурдан хүлэг нэрлэгдсэнээс Завхан аймгаас гурав багтжээ.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн “Аргамаг цавьдар” 11 оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Харин “Дүнжингарав-2017” хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын уралдааны айргийн таваар хурдалсан Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хээр зургаадугаарт,  “Их мандал-V” Говийн бүсийн уралдааны түрүү авсан Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Бат-Очирын Энхболдын хонгор дөрвөн оноогоор долдугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. 

Жагсаалтын хоёрт эрэмбэлэгдсэн “Аргамаг цавьдар” азарганы эцэг нь ММСУХ-ны “Алтан азарга” өргөмжлөлт Араб зээрд халзан азарга, харин эх нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын аварга адуучин, аймгийн Алдарт уяач Л.Лхагвын унаган шарга гүү ажээ. Угшил сайтай “Аргамаг цавьдар”  нь 2013 онд дааган насандаа Завхан аймгийн 90 жилийн ой, Баруун бүсийн уралдаанд түрүү, 2014 онд шүдлэн насандаа Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой Говийн бүсийн уралдаанд аман хүзүү, хязаалан насандаа Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах “Хангарьд” уралдаанд түрүү авч байжээ.
Мөн “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаанд түрүү, ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүү,  соёолон насандаа Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүү, Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны хамгийн хурдан хүлэг ангилалд түрүү, Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд түрүү, 2017 онд хавчиг азарга насандаа “Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд 12-д хурдалжээ. Түүнчлэн Ардын хувьсгалын  96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар аман хүзүү,  “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү,  Монголын уяачдын баяр хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд түрүү магнайг тус тус хүртсэн хурдан хүлэг ажээ. 

Б.Мягмарсүрэн 


Монгол брэнд