top banner

Мүн Жэ Ин, Д.Трамп нар утсаар ярьжээ


2018-01-11 10:29:09
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Энэ долоо хоногийн мягмар гарагт хийсэн хоёр Солонгос хоорондын хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ болон Умард Солонгос яриа хэлэлцээ хийх эхлэлийг тавилаа гэж  Өмнөд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүнүүд үзэж байна гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар лхагва гарагт буюу өчигдөр утсаар ярьсан гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордон мэдэгдсэн байна.

Хөх ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээ үргэлжилж байхад ямар ч цэргийн ажиллагаа, хамтарсан цэргийн сургуулилт хийхгүй гэж Д.Трамп хэлжээ. Гэхдээ  цөмийн зэвсгээс нь татгалзуулахын тулд Умард Солонгост шахалт үзүүлсээр байх хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн тодорхой нөхцөл болзолтойгоор, тохиромжтой цагт Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа Д.Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илэрхийлэхийн сацуу “Ирэх хэдэн долоо хоног, хэдэн сард нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг АНУ нухацтай ажиглах болно” гэжээ.

Харин хоёр Солонгос хоорондын эхний шатны хэлэлцээг “маш нааштай, үр дүнтэй” болсон гэж Мүн Жэ Ин үзэж байна. Тэрбээр хэлэхдээ “Энэ хэлэлцээ эцсийн дүнд ямар үр дүн авчрахыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ хэлэлцээ нь зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийтэд эергээр нөлөөлнө гэж би найдаж байна” гэжээ.
 
 
Г.Доржханд

Монгол брэнд