top banner

Эрхтэн шилжүүлэн суулгах баг 2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр сольж амьдрал бэлэглэнэ


2018-01-11 12:23:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд жилдээ 300 гаруй хүн гадаадын улс оронд эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр зорьдог байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо багасчээ. 

Манай улсаас 2016 онд дөрвөн хүн бөөр шилжүүлэн суулгахаар гадаад орныг зорьсон бол, 2017 онд элэг шилжүүлэн суулгахаар таван хүн хилийн дээс алхжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаар дэлхийн түвшинд хүрсэн Монгол Улсын эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөөд байгаа талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг танилцуулах үеэр Ажлын хэсгээс мэдээлсэн юм. 

Дашрамд сонирхуулахад, Элэгний донор болж байгаа хүн нь залуу бас эрүүл байх хэрэгтэй ёстой. Элэгний донороос 2/3-ийг  нь авч, донортоо 1/3 -ийг нь үлдээдэг байна. Тухайн донор болсон хүн мэс засал хийлгэснээс гурван сарын дараа гэхэд элэгний 80 хувь нь төлжиж, нэг жилийн дотор элэг бүрэн төлждөг.

Харин элэг шилжүүлэн суулгасан  хүн насан туршдаа хяналтад байх хэрэгтэй. Эхний нэг жилийн хугацаанд байнгын хяналтад байна. Харин нэг жилээс хойш гурван сар тутамд, таван жилээс хойш зургаан сар тутамд, 10 жилээс хойш жилд нэг удаа үзлэгт хамрах шаардлагатай.

Элэг шилжүүлэн суулгах багт мэс засалч, мэдээгүйжүүлэгч, нойрсуулагч, эрчимт эмчилгээнийхэн, элэгний эмч нар, лабораторийн эмч нар, хагалгааны болон эрчимт эмчилгээний сувилагч нар, дүрс оношилгооныхон, эрдэм шинжилгээний гэсэн багууд хамтран ажилладаг байна. Тус хамтарсан баг нь нэг удаагийн мэс засал хийхдээ нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 20 гаруй цаг хамтран ажиллаж байж элэг шилжүүлэх мэс заслыг хийдэг. Мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед УНТЭ-ийн эмийн сан, инженер техникийн алба гээд бүгд нэгдэн ажилласны үр дүнд хүний алтан амийг авардаг байна.
Д.Өлзий

Монгол брэнд