top banner

Трампын тухай ном “Amazon” цахим худалдаанд борлуулалтаараа тэргүүлж байна


2018-01-11 13:15:13
Зураг
МОСКВА./ТАСС/. Америкийн сэтгүүлч М.Волффын сүүлийн үед ихээхэн дуулиан шуугиан тариад буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаар өгүүлэх “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” ном “Amazon” цахим хуудаст өнгөрсөн долоо хоногийн эцсээр хамгийн өндөр борлуулалттай барааны жагсаалтыг тэргүүлжээ.
 
Уншигчид эерэг сэтгэгдэл үлдээсээр байгаа нь уг номын нэр хүндийг улам өсгөж байгаа аж. Тухайлбал, өчигдрийн байдлаар энэ номын дундаж үнэлгээ нь нийт 5 онооноос 4,6 оноог авчээ. Түүнчлэн 1500 гаруй хэрэглэгч уг номын талаар сэтгэгдлээ үлдээснээр “Amazon” цахим хуудасны хамгийн их сэтгэгдэл үлдээсэн бараа бүтээгдэхүүний нэг болоод байгаа аж. Номонд бодит байдалтай нийцэхгүй хэсэг зөндөө бий гэдгийг уншигчид хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч тэдний олонхи нь уг бүтээлд ам сайтай байгаа гэнэ.
 
М.Волффын “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” ном энэ сарын 5-наас худалдаанд гарч эхэлсэн билээ. Энэхүү номонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль, түүний сонгуулийн штабынхан болоод Цагаан ордны албан хаагчдын зан авирын тухай өгүүлдэг аж. Д.Трампын зүгээс уг номын зохиогчийг “уйтгартай,  худал хуурмагаар дүүрсэн номоо борлуулахын тулд адал явдал зохион бодож олсон арчаагүй азгүй амьтан” гэж мэдэгдэж байсан билээ.
 
Түүнчлэн Д.Трампын өмгөөлөгч Чарльз Хардер зохиолч М.Волфф болон түүний номыг хэвлэсэн “Henry Holt and Co.” хэвлэлийн байгууллагад хандан “хэвлэхээ даруй зогсоож, номыг болон түүний хэсгүүдээс, агуулгаас нь цаашид хэвлэн нийтлэх, түгээн дэлгэрүүлэхээс зайлсхийхийг” шаардсан агуулга бүхий захидал илгээсэн юм.
 
Э. Аянзаяа 
 

Монгол брэнд