top banner

Д.Сумъяабазар: Оюутолгойн үйл ажиллагааг зогсооно гэсэн нь Засгийн газрын байр суурь биш


2018-01-11 13:34:43
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр “Ил тод хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал зохион байгуулах болсон. Тус яамнаас  өнөөдөр ээлжит хурлаа хийж  уул уурхайн салбарын өнгөрөгч 12 дугаар сарын мэдээллийг  өглөө.

Өнгөрсөн онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээг байгуулсан. Тэгвэл энэ хүрээнд  нийт 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг давуулан биелүүлжээ.

Уул уурхайн салбарт хэл ам дагуулдаг зүйл нь лизенц олголт байдаг. Тэгвэл  салбарын  сайд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, уул уурхайн бие даасан хуультай болох шаардлага байгааг тодотгосон. Өмнөх удирдлагуудын үед хаалттай сонгон шалгаруулалтаар 30 гаруй лиценз олгосон байдаг. Үүнийг шийдэх зорилгоор шинэчилсэн журам гаргасан.

2017 оны хувьд Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд нүүрс голлох нөлөө үзүүлсэн. Тэгвэл өнгөрсөн сарын  урьдчилсан дүнгээр  манай улс  47567,3  мянган тонн нүүрс олборлосон байна. Үүнийг 2016 онтой харьцуулбал олборлолт 135,53 хувиар,  экспорт 129,1 хувиар  өссөн үзүүлэлт гарчээ.

Харин нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэл экспортыг  багасгах вий гэсэн болгоомжлол нийгэмд байсан бөгөөд ажлын хэсэг   шуурхай ажилласнаар асуудлыг нааштай шийдсэнийг хэллээ. 

Мөн үеэр сэтгүүлчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр суурь илэрхийлснийг тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайд Д.Сумъяабазар: “Энэ байр суурь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны байр суурь биш.  Засгийн газрын ч байр суурь биш гэдгийг хариулцлагатайгаар мэдэгдье. Ажлын хэсэг Оюутолгойд хоёр сарын туршид ажилласан. Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.  Тиймээс хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага үүссэн. Улмаар  “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдийг сайн ажиллуулмаар байна. Өнөөдрийн  ТУЗ бол сул байгааг хүн бүхэн мэдэж байгаа. “Оюутолгой”-той холбоотой ямар нэг асуудал шийдэх гэхээр нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх элдэв дуулиан тарих явдал их гардаг. Үнэндээ монголчуудад өнөөдрийн өөхнөөс  илүүтэй ирээдүйн ашиг чухал гэдэгт төвлөрөх ёстой. Дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл  эгүүлэн татах санал гаргана. Хувийн  тоглолт хийж болохгүй гэдгийг сануулсан” гэлээ.
 Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд