top banner
Шуурхай мэдээ

Шанхайд монгол оюутан бусдын гарт амиа алдсан гэх мэдээллийг няцаав


2018-01-11 13:48:19
Зураг
ШАНХАЙ. /Шанхай Дэйли/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд Хятад улсын Шанхай хотод монгол оюутан бусдын гарт амиа алдсан гэх ташаа мэдээлэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал “mminfo.mn”, “times.mn” цахим хуудсуудад гарсан гэж Шанхай хотын Цагдаагийн газар мэдэгдлээ.

“Шанхай Дэйли” өдөр тутмын сонин Шанхай хотын Цагдаагийн газрын мэдэгдлийг иш татан мэдээлснээр, 12 дугаар сарын 29-ны өглөөний 08:00 цагийн үед тус хотын Сюйхуй дүүргийн нэгэн орон сууцны хоёр давхрын шатны хажуугийн булангаас Б овогтой М хэмээх 21 настай эмэгтэйн цогцос олдсон аж. Тус орон сууцны гуравдугаар давхрын оршин суугчид анх түүнийг хараад, хамгаалалтын албандаа мэдэгдэж, цагдаад дуудлага өгсөн гэнэ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Шанхайн Цагдаагийн газраас өчигдөр гаргасан мэдэгдэлд “Нэгэн монгол эмэгтэйн цогцос олдсон нь үнэн. Гэхдээ түүний хувцас урагдаагүй, биед нь гадны нөлөөтэйгөөр шархадсан шинж тэмдэг байхгүй болохыг шүүх эмнэлгийн шинжээчид тогтоосон. Харин олон яс нь хугарсан байсан. Үүнийг нь өндөр газраас унаснаас үүдэлтэй гэж шинжээчид дүгнэсэн. Мөн хурц иртэй зүйлээр зүүн бугуйгаа  зүссэн байсан” гэжээ. Мөн уг мэдэгдэлд “Түүний цусан дахь согтууруулах ундааны агууламж 1.37мг / мл байсан. Харин түүний цуснаас мансууруулах бодисын төрлийн зүйл илрээгүй” гэсэн байна.

Б овогтой М нь 2016 оны есдүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл Шанхайн Зяотуны их сургуулийн Эдийн засаг, менежментийн Антай коллежид сурч байжээ. Тэрбээр өнгөрөгч оны 11 дүгээр сарын 29-нд Монголоос Бээжингээр дамжин Шанхайд буцаж очсон гэнэ. Шанхайд очсоныхоо дараа Сюйхуй дүүргийн нэгэн зочид буудалд 37 настай Рао овогт найз залуутайгаа /Шанхайн оршин суугч/ буусан гэнэ.
 
Тэд 12 дугаар сарын 14-нд Таиланд явж, мөн сарын 21-нд зочид буудалдаа буцаж ирсэн байна. Үүний маргааш нь Рао овогт нь Шанхай дахь гэр рүүгээ явжээ.

12 дугаар сарын 25-ны орой М ганцаараа архи уусан бөгөөд хамгийн сүүлд 26-ны шөнийн 1:00 цагийн үед зочид буудалдаа харагджээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, М нь 12 дугаар сарын 26-ны үүрийн 6:00 цагийн үед Раогийн амьдардаг орон сууцны гадна таксигаар очжээ.

Орон сууцны хамгаалагчид нь түүнийг дотогшоо оруулаагүй ч оршин суугчдыг гарч орох үед тэрбээр орон сууц руу оржээ.

Рао цагдаад мэдүүлэг өгөхдөө “Бид маргалдсан байсан. 12 дугаар сарын 26-ны өглөө М намайг хоёр удаа алгадсан” гэжээ.

“Раогийн гэрт болон хэргийн газарт ямар нэгэн сэжигтэй ул мөр байгаагүй. Мөн барилгын бүтцээс харахад М нь Раогийн амьдардаг орон сууцнаас унаагүй нь тодорхой байна” гэж цагдаа мэдэгдсэн байна. 12 дугаар сарын 26-28-нд Рао түүнтэй холбоо барих гэж хэд хэдэн удаа оролдож, зочид буудалд нь очсон боловч уулзаж чадаагүй гэнэ.

Мөрдөн байцаалтын урьдчилсан дүгнэлтэд “М нь өндөр газраас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтлээ даалгүй амьсгал хураасан” гэжээ.

Шанхайн Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчоо энэ сарын 2-нд түүний үхлийн талаар Хятад дахь Монголын ЭСЯ-нд мэдэгдэж, ЭСЯ-ны хүмүүс түүний эцэг эхэд нь хэл дуулгасан байна.

М-ийн эцэг эх өчигдөр энэ хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан аж. Тэд охиныхоо үхэлтэй холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, охиноо гадны нөлөөтэйгөөр амиа алдсан гэсэн гомдол гаргаагүй гэнэ.
 
http://mobile.shanghaidaily.com/metro/society/Police-deny-reports-Mongolian-woman-found-dead-murdered/shdaily.shtml
 
Г.Доржханд

Монгол брэнд