top banner
Шуурхай мэдээ

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ


2018-01-11 14:28:30
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өсвөр үе болон насанд хүрэгчдийн Баянхонгор аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачлагаар аймгийн Шатрын холбоо, Баянхонгор аймгийн ЗДТГ, ИТХ, Спортын мастер Б.Ичинхорлоогийн үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байна.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчдийн эрэгтэй болон эмэгтэй төрлөөр 11-12-нд, өсвөр үеийн аваргын тэмцээн зургаан насны ангиллаар 13-14-ны өдрүүдэд, үргэлжлэн 15-16-нд “Цодгор хүү” тэмцээний аваргуудыг тодруулна. Тэмцээнд аймгийн 20 сум болон Өвөрхангайн шатарчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна. Өнөөдөр эхэлсэн насанд хүрэгчдийн тэмцээнд 100 шахам тамирчин бүртгүүлэн, тоглолтоо эхлүүллээ. Насанд хүрэгчдээс хамгийн ахмад нь Жинст сумын уугуул Ц.Гунгаа /86 настай/ бөгөөд тэрээр 60 шахам жил шатар тоглож байгаа аж.
Аймгийн аваргын тэмцээний үеэр Спортын мастер Б.Ичинхорлоогийн үр хүүхдүүд нь ээжийнхээ нэрэмжит шатрын клубыг Баянхонгор хотноо байгуулж нээлтийг нь хийлээ. Баянхонгор аймгийн хүүхэд багачуудыг шатрын спортод дур сонирхолтой болгох, цаашид тамирчин болгож бэлдэхэд дэмжлэг болох үүднээс тус клубыг Голомт банкны таван давхарт нээсэн бөгөөд клуб аймгийн Шатрын холбооны дэргэд ажиллах юм. Шатрын клубт хэрэглэгдэх ширээ, сандал, шатар, цаг, ханын самбар зэргийг хандивлаж тохижилтын ажлыг спортын мастерын үр хүүхдүүд бүрэн хариуцжээ. Клуб анхан, дунд, гүнзгийрүүлсэн гэсэн гурван түвшинд хичээллэх бөгөөд бүх насны хүн хичээллэх боломжтой юм.
Энэ удаагийн тэмцээнийг Баянхонгор аймгаас төрсөн шатрын спортын улсын анхны аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул Б.Ичинхорлоогийн нэрэмжит болон зохион байгуулж байна. Спортын мастер Б.Ичинхорлоо 1954 онд болсон Улсын аваргын тэмцээнээс анхны жилдээ мөнгөн медаль хүртэж байсан бол 1956 онд амжилтаа ахиулж, Алтан медалийн эзэн болж, улсын аварга болж байжээ. Тэрээр Баянхонгор аймгийн спортын түүхэн дэх анхны "Улсын аварга" тамирчин. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд долоон удаа оролцохдоо зургаад нь шагналт байранд орж байсан ховорхон амжилтын эзэн юм. 
                                                                                                                                       Б.Мөнхзул

Монгол брэнд