Мөс цөмөрснөөс хүний амь хохирсныг сэрэмжлүүлэв

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-01-11 15:54:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Мөст сумын Хаг нуурын мөс цөмөрч, дөрвөн хүн “УАЗ-469” машинтай живснээс хоёр нь эсэн мэнд гарч, хоёр нь нас барсан байна. Онцгой байдлын аврагчид талийгаачдын цогцсыг өнөөдөр 10.00 цагт олж, машиныг нь 13.30 цагийн орчимд мөсний дороос гаргаж авчээ.
Живж, осолдсон иргэд 33-60  настай, Ховд аймгийн Мөст сумын уугуул хүмүүс бөгөөд  Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж яваад ийнхүү осолдсон байна. Ховд аймгийн Онцгой байдлынхан осолдсон тухай дуудлагыг өчигдөр оройн 20.55 цагт хүлээн авч, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааг явуулсан гэж тус аймгийн ОБГ-аас мэдээлэв. 
Хоёр есийн хүйтэн эхэлсэн ч өмнөх жилүүдтэй харьцуулбал гол мөрний ус бүрэн хөлдөөгүй байгаа тул хол замд зорчихдоо анхааралтай байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.


Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ