Шанхайд нас барсан оюутны шинжилгээний дүгнэлт гарчээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-01-11 16:03:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/ БНХАУ-ын Шанхай хотын Цагдаагийн газраас шинэ оны өмнө нас барсан монгол охины үхэлтэй холбоотой мэдэгдэл гаргасныг БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн байна. 

21 настай, Б. Маралмаа нь 2016 оны есдүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл Шанхайн их сургуулийн эдийн засаг, менежментийн "Антай" коллежид суралцаж байжээ. Шанхай хотын цагдаагийн газар охины үхэлтэй холбоотой дуудлагыг 2017 оны 12 дугаар сарын 29-нд авчээ. Хэргийг мөрдөн шалгасны эцэст өндрөөс унасан нь үхлийн шалтгаан болсныг тогтоож, амиа хорлосон байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлсэн байна. Шанхай хотын Цагдаагийн газар энэ хэргийн талаар энэ сарын 2-нд БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн юм. Хэргийг мөрдөн шалгахад цагдаагийнхан Элчин сайдын яамны ажилтнууд болон охины эцэг, эхээс туслалцаа авч улмаар эцэг, эх нь охины үхлийн талаарх мөрдөн байцаагчийн дүгнэлттэй танилцаж, эсэргүүцэх зүйлгүй хэмээн гарын үсэг зуржээ.

Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтэд охин өндрөөс унаснаас олон яс нь хугарснаас гадна зүүн бугуйндаа сорвитой байснаас өөр шарх сорви байхгүй гэж бичжээ. Мөн цусанд нь согтууруулах ундаа үл ялиг илэрсэн гэж уг мэдэгдэлд дурдсан байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ