top banner
Шуурхай мэдээ

Өлгий сумын 4, 6 дугаар сургуулиудын халаалт муугаас хичээл хийхэд хүндрэлтэй болжээ


2018-01-11 20:00:47
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын ерөнхий боловсролын 4, 6 дугаар бүрэн дунд сургуулиудын халаалт муу, хичээл хийхэд хүндрэл учирч байгаа талаар сургуулийн багш ажилчид, удирдлагууд холбогдох газруудад гомдол гаргаад байсан юм.

Энэ сарын 5-ны өдөр болсон аймгийн Засаг даргын харьяа хэлтэс, агентлагуудын удирдлагуудын шуурхай зөвлөлгөөний үеэр ажлын хэсэг гаргаж, уг асуудлыг нягтлан шалгахаар болсон билээ.

Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Болатаар ахлуулсан ажлын хэсэг мэргэжлийн хүмүүсийн хамт газар дээр нь очиж сургуулиудын дулаан ашиглах горимд шалгалт хийжээ. Ажлын хэсгийн дүгнэснээр дээрх сургуулиудад дулаан үйлдвэрлэгчээс очиж буй дулааны хэм зохих түвшинд  байгаа аж.  

Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.Серикболын тайлбарласнаар  дөрөвдүгээр сургуулийн дотор халаалтын системд он удаан жил засвар үйлчилгээ хийгдээгүйгээс муудаж, халаах хэрэгсэл нь лаг, хаг хусамд баригдаж битүүрэн ямар ч эргэлтгүй болжээ. 

Зургадугаар сургуулийн хувьд 1982 онд баригдсанаас хойш урсгал болон их засвар хийгдээгүй ба одоо хүн сууж ажиллах, хүүхдүүд хичээллэх бараг боломжгүй байгаа аж. Тийм учраас тус сургуулийг "Наурыз"-ын баяр хүртэл хоёрдугаар бүрэн дунд сургуулийн  хуучин байранд нүүлгэж хичээллүүлэх саналыг ажлын хэсгийн зарим гишүүд болон сургуулийн захиргаанаас гаргажээ.

Ажлын хэсэг холбогдох дүгнэлтээ гаргаж, дотоод халаалтын систем нь хуучирсан байгууллагуудад засвар хийх саналыг аймгийн Засаг даргад танилцуулахаар болсон байна.

Ө.Нурболат


Монгол брэнд