top banner

Түргэн тусламжийн автомашины засвар, шинэчлэлтийг яаралтай хийлгэх шаардлагатай болжээ


2018-01-11 23:52:32
Зураг
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгаар цас орж хүйтэрснээр цагаан болон цагаанаар зудархуу болоод байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд тулгамдаад буй асуудлуудыг мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар төсөв мөнгөнөөс шалтгаалаад эрүүл мэндийн байгууллагуудын машин техникийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийгдээгүйгээс зарим сумын түргэн тусламжын автомашин зогссон байдалтай байна. Тухайлбал Цагаанчулуут, Дөрвөлжин сумдын түргэн тусламжын автомашинууд тусламж үйлчилгээнд явах боломжгүй болж зогсчээ. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын фургон автомашины ашиглалтын хугацаа дуусч зогссон байдалтай байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагад гурав, ойрын дуудлагад дөрвөн түргэн тусламжын автомашин явж байна. Ойрын дуудлагад явдаг дөрвөн автомашин нь засвар хийгдэх шаардлагатай, хоёр автомашин нь зогссон бол Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг ойрын дуудлагад дөрөв, алсын дуудлгад нэг автомашинтай ажиллаж байгаа. Цаашид алсын дуудлагад явах автомашины тоог нэмэх шаардлагатай байгаа. Иймээс дээрх байгууллагуудын автомашины асуудлыг холбогдох газруудад уламжилж яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэмээн хурлын үеэр ярилцжээ.
Цаашид цаг агаар хүндэрвэл алсын дуудлаганд явах түргэн тусламжын автомашины тоог нэмэхгүй бол отроор өвөлжиж байгаа болон сумдын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй болно. Тиймээс юун түрүүн 24 сумын ЭМТ, болон эмч нартай шаардлагатай тохиолдолд цахимаар зөвлөгөө, эмчилгээ, үйлчилгээг хүргэж байна хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Б.Мягмарсүрэн 

Монгол брэнд