top banner

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод түрээсийн хөнгөлөлт үзүүлж байна


2018-01-12 08:56:05
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ "Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдаа "Эрдэнэтэд үйлдвэрлэв" худалдаа, үйлдвэрлэлийн төвд эхэллээ.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажиллах зорилгоор  Баян-Өндөр сумаас зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 10-наас нэг сарын хугацаатай гарах юм. Үүнд жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 31 иргэн оролцож байна. Оролцогчид эхний долоо  хоног түрээс төлөхгүй бөгөөд бусад үед өдрийн 2000 төгрөгийн түрээс өгнө. "Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдааны онцлог нь урт хугацаатай түрээсийн хөнгөлөлттэй, зөвхөн Эрдэнэтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хамруулж байгаа юм.
Үзэсгэлэнд оролцогчдоос таван номинацаар шилдэг оролцогчдыг шалгаруулж хаалтын арга хэмжээн дээр шагналыг гардуулна.
Дашрамд дурдахад, 2017 оны статистикийн тоон мэдээгээр Баян-Өндөр сумын  27 533 өрхийн 2753 нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ажээ. Эдгээрээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нь 100 гаруй , өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нь 500 орчим бүртгэгджээ. 
 Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд