top banner

Нутгийн 43.75 хувь нь зудын байдалтай байна


2018-01-12 09:28:03
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Хөрсний гадарга дээр хамгийн хүйтэн нь Ховд аймгийн Цэцэг, Дуут суманд -39 градус, Мөст суманд -37 градус, Манхан, Жаргалант суманд -36 градус, Ховд, Зэрэгт -35 градус бусад нутгаар 24-34 градус хүрч хүйтэрсэн байна. 
Цаг уурын ажиглалтын мэдээнээс үзэхэд Дарви, Жаргалант, Манхан, Чандмань, Дуут, Мянгад, Эрдэнэбүрэн сумдын нутгаар буюу нийт нутгийн 43.75 хувьд зудархуу байдал үүсэж байна. 
Чандмань, Дарви сумын төв болон нам дор газраа 6-8 см цастай, ууландаа, жалга, гуу, хунгарласан газраа 60-90 см цастай байгаа нь цагаан зуд болох нөхцөл бүрдэж байна. Манхан сумын төв, болон нам дор газраа 6-10 см, ууландаа 10-15 см, хунгарласан газраа 30-40 см цастай, Мянгад сумын нутгаар нам дор газраа 4-5 см, ууландаа 5-10 см, хунгарласан газраа 20-30 см цастай байгаа нь зудархуу байдал үүсэх нөхцөл бүрдээд байна. Зэрэг, Эрдэнэбүрэн, Дуут сумдын нутгаар зудархуу байдалтай байна. Цаашид цас нэмж орж, хүйтний эрч чангарвал Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дөргөн, Ховд сумдын нутгаар зудархуу байдал үүсэж болзошгүй гэдгийг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
 
                                                                                               А.Бямбасүрэн

Монгол брэнд