top banner

Хүнд даацын болон ачааны авто машиныг цагийн хязгаартайгаар замын хөдөлгөөнд оруулна


2018-01-12 09:57:57
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс “Хүнд даацын болон ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар хотын төвийн замын хөдөлгөөнд оролцуулах, түр зөвшөөрөл олгох” журмыг боловсруулжээ. Журмын төслийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж  АИХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.
 
Хүнд даацын болон ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулсанаар хотын төв зам дахь ачаалал буурч, авто замын эвдрэл багасах юм. Өмнө нь барилгын материал тээвэрлэсэн машин хотын урд болон хойд замаар зорчдог байсан ч хотын төвд барилгын ажил эхлэнгүүт дураараа зорчих нь  нэмэгдсэн байна.  Иймд цагийг нь хязгаарлаж сар бүр мөнгөн хураамж авах гэнэ.
 
Орхон аймгийн Авто тээврийн төвд 2017 онд 24594 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс ачааны автомашин 4756, тусгай зориулалтын 214, цистерн 235, зүтгүүр 102, механизм 178, чиргүүл 171 байна. Тус аймагт өдөрт дунджаар 10 мянга гаруй авто машин замын хөдөлгөөнд оролцдог ажээ.
 
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд