top banner
Шуурхай мэдээ

Хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдэд 40-80 сая төгрөгийг нөхөн олгоно


2018-01-12 10:15:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Тус хуулийн төсөл батлагдсанаар хэлмэгдсэн иргэдэд нөхөн олговор олгох асуудал үүгээр эцэслэгдэх үү. Нөхөн олговроор 40-80 сая төгрөг олгох нь. Энэ хэр бодитой тавьсан мөнгөн дүн бэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, "Нийт 36 орчим мянга хүн хэлмэгдсэн гэсэн баримтыг холбогдох байгууллагаас нь гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар 31 мянгыг нь цагаатгасан. Одоо 5000 хүний материал цагаатгалаа хүлээж байна. Хуулийн төслийн гол агуулга нь хэлмэгдсэн иргэд, түүний үр хүүхдүүд зохих байгууллагад хэлмэгдсэн тухай гомдлоо гаргах эрх зүйн орчныг нь нээж өгөхөд чиглэгдэж байгаа юм. Хууль батлагдсанаар хоёр жилийн хугацаанд иргэд өргөдлөө гаргана. Мөн орон нутгийн иргэд аймагтаа өргөдлөө гаргах юм" гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Я.Санжмятавын хувьд, "Цаазын ял авсан иргэнд 80 сая, шоронд хоригдсон иргэн, түүний гэр бүл, үр хүүхдүүдэд 40 сая төгрөг олгох юм. Юуны өмнө тухайн иргэн өргөдлөө өгөх хэрэгтэй. Өргөдлийг нь хуулийн байгууллагаас хянаж тодорхой хугацааны дараа эцсийн хариу гаргах болно. Иймд барилгын компаниуд нөхөн олговор авч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх байх" гэсэн нэмэлт тайлбарыг хийв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Хэлмэгдсэн иргэдийнхээ нэрийг цагаатгаад нөхөн олговор олгож байгаа ч дахин ийм нийгмийн бараан үзэгдэл бүү гараасай гэх үүднээс музей байгуулж, соён гэгээрүүлэх ажлыг хиймээр байна. Хариуцлагын тухай асуудал байхаас хэлмэгдүүлэлт яавч Монгол Улсад байх учиргүй" гэв. Ингээд тус хуулийг бүхэлд нь батлах эсэх талаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн юм. Хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ хэлмэгдүүлэлтийн сүүдэр дахин давтагдах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.
Б.Туул

 
 

Монгол брэнд