top banner

Төгрөгийн ханш цаашид чангарах боломж бүрдсэн гэв


2018-01-12 15:33:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг энэ оны зургадугаар сарын нэгний дотор шинэчлэн батлах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын ажлыг бэлтгэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж долдугаар сарын нэгний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монголбанкинд даалган тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллахаар тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, "Валютын ханшийг буулгаж, төгрөгийн ханшийг өсгөх боломж бий юу. Энэ тал дээр төв банк хэр анхаарч ажиллаж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Үүнд нь Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, "Өнгөрсөн хугацаанд худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Ингэснээр төгрөгийн ханш сулрахгүй, харин ч чангарна" гэсэн хариултыг өгч байв.

Эдийн засгийн байнгын хороо хоёр өдрийн өмнө хуралдахдаа уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан. Ингээд тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах эсэхээр санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр тогтоол батлагдав.
Б.Туул 

Монгол брэнд