top banner
Шуурхай мэдээ

“Алибаба” групп зөрчилтэй 240 мянган онлайн дэлгүүрээ хаав


2018-01-12 16:19:56
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын хамгийн том цахим худалдааны “Алибаба” групп өчигдөр “2017 оны Оюуны өмчийн эрхийг хамгаалах жилийн тайлан”-гаа олон нийтэд танилцууллаа.
Тайланд дурдсанаар зөрчил илэрсэн 240 мянган онлайн дэлгүүрийг хааж, найдваргүй байж болох дэлгүүрүүдийн 97 хувийнх нь онлайн линкийг блоклосон. Мөн өнгөрөгч онд оюуны өмчийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдол 42 хувиар буурч, 10 мянган худалдан авалт бүрээс 1.49 ширхэг хуурамч бараа илэрсэн талаар мэдээллэв.
Өнгөрөгч онд “Алибаба” групп Хятадын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хуурамч бараа худалдаалах үйлдлийг таслан зогсоохоор ажилласаны үр дүнд эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой
/50 мянган юаниас дээш/ 1910 зөрчил илрүүлж, 1606 хүнд холбогдох хэрэг үүсгэж, 1328 зөрчлийг шийдвэрлэж, нийт 4.3 тэрбум юанийн зөрчил илрүүлжээ. 
Алибаба группын Оюуны өмчийн хэлтсийн захирал Юэ Жифэй хэлэхдээ “Бид хуурамч барааг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа ч нууцаар хуурамч бараа үйлдвэрлэсээр байна. Бид 2016 онд 180 мянган хуурамч бараа худалддаг дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ тоо 2017 онд 240 мянга болж өссөн нь хаагдсан дэлгүүрүүд нэр хаягаа солин дахин үйл ажиллагаа явуулах тохиолдол их буйг  харуулж байна" гэлээ. Жө жянь мужийн Олон нийтийн аюулгүй байдлын газрын тасгийн дарга Чөн Жинкайн хэлснээр “Шалгалтын явцад хуурамч бараа үйлдвэрлэх үзэгдэл бүрэн устаагүй, зөрчил гаргагчдын хөдөлмөр хуваарилалт, сонор сэрэмж, шалгалтаас зугтах арга улам нарийсч байгааг тогтоосон” гэжээ.
Тайланд “Хяналт шалгалтаас зугтаж, гадны улс руу хил дамнан худалдаалах явдал нэмэгдэж, зарим хуурамч бараа үйлдвэрлэгчид Facebook, Wechat, Weshang, Jing Dong зэрэг олон нийтийн сүлжээ рүү шилжин худалдаа хийх, цаашлаад гадны улс орнуудад онлайн дэлгүүр байгуулах зэргээр хуурамч бараа худалдаалсаар байна" хэмээн дурдав. Иймээс Алибаба компанийн явуулж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа ч шаардлага хангахгүй, хуурамч бараа худалдах явдал байсаар байгаа нь улсын хууль хяналтын байгууллагуудад ихээхэн хүндрэлтэй байгаа талаар Алибаба групп мэдээллэв.
Дашрамд дурдахад, Алибаба групп нь бидний сайн мэдэх Жэк Ма 1999 онд үүсгэн байгуулсан компани бөгөөд Хятадын онлайн худалдааны хамгийн том сүлжээ болох “Таобао”, “Теньмао” зэрэг 10 гаруй сүлжээ болон цахим төлбөр тооцооны “Алипэй” сүлжээг эзэмшдэг. 2017 онд нийтдээ 158.2 тэрбум юанийн худалдаа хийж, 57.8 тэрбум юанийн цэвэр ашиг олсон. Өдгөө 70 гаруй мянган ажилчинтай.

А.Анхбаяр
 
 
 
 

Монгол брэнд